Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулж буй ”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг /2022.02.14/ “Туушин” зочид буудлын “Соёмбо“ танхимд боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо. Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон. Харин жуулчдыг хүлээж авахдаа ямар нэг хүнд суртал, хүлээлт үүсгэлгүй хүлээж авахыг салбарын яамдад чиг үүрэг болгосон. Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд өмнөх 32 жилийн хугацаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь статистик тоон үзүүлэлтээрээ ч, бодит хөрсөн дээрээ ч тодорхой түвшний барилга байгууламж, дэд бүтэц, хүний нөөц, худалдаа үйлчилгээ бүхий дэлхийн аялал жуулчлалын салбар дахь нүүдэлчний өнгө төрх бүхий өвөрмөц нөөц бололцоог бий болгосон. Энэ нь нөгөөтэйгүүр улс орныхоо эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан нөхцөл байдлыг хангахад зохих үүрэг оролцоотой явж ирсэн. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зөвхөн жуулчин хүлээж авдаг тур опературуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 50 хувиар, тэдгээрт ажиллаж буй ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар тус тус хумигдсан тооцоо байна. Иймд энэ удаагийн хэлэлцүүлгийг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг арилгах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар зохион байгууллаа. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч нараа сонсож байна. Одоо ажил хэрэг болгон ажиллая.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн
Цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэй. ГХЯ-аас дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна.
Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтын журмаар нэвтрүүлж, амжилттай үргэлжлүүлж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил яригдаж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.
ГХЯ Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг сурталчлан танилцуулах, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулж “1 монгол 1 жуулчин” аялал жуулчлалын шинэ нөөц боломжуудыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “21 аймаг 21 улс” зэрэг төсөл арга хэмжээг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Мөн “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ” буюу вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцөхөөр Казахстан, Унгар, Турк, Япон, Энэтхэг, ИБУИНХУ-тай албан ёсоор тохиролцсон, ЕХ, Канад, АНЭУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Цаашид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан аялал жуулчлалын орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд холбогдох байгууллага хоорондын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангаж, гадаад сурталчилгааг цогц хэлбэрээр “нэг цонх”-оор удирдан зохион байгуулах нь нэн чухал.
Соёлын сайд Ч.Номин: Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг
Засгийн газар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд олон яам, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Аялал жуулчлалын бодлого зөвхөн нэг яамны, төрийн байгууллагын бус Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг юм. Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Учир нь, бүх төрлийн судалгаанаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг.
Тиймээс нэгдүгээрт: Соёлын яамны зүгээс аялал жуулчлалын бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтууд түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан байх ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэгт дэмжлэг үзүүлэн түүхэн баримт сурвалж дээр тулгуурлан холбогдох судалгааг нь хийсэн. Тухайлбал, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймагт өрнөж байгаа аялал жуулчлалын төвүүд нь бүс нутгийн онцлогийг шингээсэн байх учиртай. Хөвсгөл бол түлхүү байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, харин Хэнтий аймгийн аялал жуулчлал бидний түүх, өв соёлд тулгуурласан тул Соёлын яам аялал жуулчлал хариуцаж байгаа Төрийн захиргааны төв байгууллага болоод бусад төрийн болон хувийн байгууллага, төслийн нэгжтэй нягт хамтран ажиллах бодлого баримталж байгаа. Ингэснээрээ үндэсний өв, соёлыг хамгаалах, сэргээх, өвлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд аялал жуулчлалын цогцолбор газруудын бүтээн байгуулалтад оролцож, түүхэн баримт сурвалжийг судалж, үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэг ажилд оролцож байна. Цаашид ч гэсэн өөрсдийн түүх, соёлд тулгуурласан аялал жуулчлалын цогцолборын ажилд эрдэмтдийн зөвлөлийн хүрээнд болон Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хэмжээнд оролцон судалгаа шинжилгээнд суурилсан түүх, соёл, урлаг, гоо зүй, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, салбар дундын түншлэлийг хөгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
Хоёрдугаарт, Соёлын яам Үндэсний брендингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна. Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг. Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг. Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь төвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд цар тахал намжиж байгаатай холбогдуулан Европын улс орнууд хилээ нээж, дотоодын хязгаарлалтаа сулруулж байна
Дэлхий дахинд цар тахал намжиж байгаатай холбогдуулан Европын улс орнууд хилээ нээж, дотоодын хязгаарлалтаа сулруулж байна. Монгол Улсын хувьд сүүлийн долоо хоногт мөн адил халдварын дөрөв дэх давлагаа буурч байгаа эерэг дүр зураг ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой судалгаанд үндэслэн, Засгийн газраас шар түвшинд шилжих тогтоолыг баталсан. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болж байна. Эрүүл мэндийн яам Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай уялдаа холбоотой ажилладаг. Монгол Улсын хувьд цар тахлын үед гадаадын иргэдийг үнэ төлбөргүй эмчилж байна. Энэ бол аялал жуучлалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын нэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зургаан чиглэлээр хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хөл хорихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталж ирсэн. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хатуу хөл хорих саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаагүй. Аялал жуулчлалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ямар чиглэл барьж ажиллах тухай хамтран хэлэлцэхээр болсон.
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев: Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад нээлттэй
Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт гарсан бүх сөрөг нөлөө үгүй болж, энэ салбарыг цаашид хөгжүүлэх чиглэлээр илүү анхаарч ажиллана. Бидний хувьд Засгийн газар болон энэ салбарын төлөөлөл болсон та бүхэнтэй аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад нээлттэй. Аялал жуулчлалын хөгжлийг гурван хувилбараар харж санал гаргаж байна. Аялал жуулчлалыг тэтгэх дэд бүтцийг хөгжүүлэх. Зам тээвэр, ложистик, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг сайжруулахад цаг хугацаа орно. Сүүлийн хоёр жилийн туршид бид цаг хугацаа алдалгүйгээр салбарын төлөөлөлтэй хамтраад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ямар саад тотгор, боломж байгаа, тэдгээрийг ашиглан яаж Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг өрсөлдөх чадавхтай болгож, дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө хадгалсан бүтээгдэхүүнийг санал болгож, боломжоо хэрхэн ашиглах талаар тусгасан иж бүрэн тайланг боловсруулсан.
2019 оны байдлаар 1.4 тэрбум жуулчин 9.2 их наяд ам.долларын аялал жуулчлалын зах зээл бий болгож байсан. Энэ нь дэлхийн ДНБ-ий 10.4 хувьтай тэнцэнэ. Дэлхийн нийт ажлын байрны 10 хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Covid-19 цар тахлаас үүдэн дэлхийн аялагчдын тоо 73 хувиар буурч, тэр дундаа Ази-Номхон далайн бүсэд хамгийн их буюу 84 хувиар буурсан. Энэ салбарын орлого 4.5 их наяд ам.доллароор буурч, 62 сая хүн ажилгүй болжээ.
Монгол Улс 2016 онд 471.242, 2017 онд 542.703, 2018 онд 598.406, 2019 онд 577.300 жуулчин хүлээн авч, 607 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Гэвч цар тахлаас үүдэн 1.6 их наяд төгрөгийн цэвэр алдагдал хүлээж, жуулчдын тоо 93 хувь буурсан нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 орчим хувиар илүү байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 15 хувь татан буугдаж, ажлын байрны 60 гаруй хувь нь байхгүй болсон. Имйд төрөөс аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжихгүй бол 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт 2 хувийн л өсөлт ажиглагдана. Гэтэл Монголчууд гадагшаа аялахдаа Монгол Улсад ирсэн жуулчдаас 2 дахин их мөнгө зарцуулдаг.
2019 оны байдлаар аялал жуулчлалын салбар ДНБ-ий 7.2 хувь, ажлын байрны 7.6 хувь, нийт бараа үйлчилгээний экспортын 6.8 хувийг бүрдүүлж байна. 2010-2015 онуудад жуулчны эрэлт өссөн, үүнийг дагаад зочид буудлын хүчин чадал нэмэгдсэн. 2015 оноос хойш зочид буудлын өрөөний хүчин чадал эрэлтээсээ их байна. Улирлаас шалтгаалан зочид буудлын ор хоногийн ашиглалт 30 хувиас ихгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр монгол хоолны “street food” буюу гудамжны хоолны соёлтой болсноор гадаадын аялагчдыг татах боломжтой. Мөн Алтай таван богд, Хөвсгөл нуур зэрэг аялал жуулчлалын бүсээр зорчиж байгаа дотоодын жуулчдаас төлбөр авч байгаль хамгаалах ажилд зарцуулах хэрэгтэй. “The Hu” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулахад анхаарал хандуулж, түүгээрээ дамжуулж гадны жуулчдыг татах ажлыг зохион байгуулах боломжтой зэрэг саналуудыг хэлж байсан юм.
Н.Нарандэлгэр