TravelЗочны ярилцлагаОнцлохШинэ мэдээ

Жалса Урубшуроу: Би Америк хүн, гэхдээ монгол цустай Монгол хүн, энэ хоёр хүчирхэг соёлыг хамтад нь өвөртлөж явах нь миний хувьд хамгийн их зол аз завшаан юм

Миний энэ удаагийн ярилцлагын зочин Жалса Урубшуроу. Тэрээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Nomadic Expeditions” ХХК-ийг үүсгэн байгуулагч. АНУ-ын Нью Жерсид амьдардаг. Халимаг хүн. Халимаг гэхээр монголчууд бидний олонхийн санаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, туульч, дуучин, соёлын биет өвийн тод төлөөлөл Охийн Цагаанзам буудаг. Түүнээс цааш бид хэр олон халимаг хүнийг нэрлэж чадах бол. Тэрхүү ард түмний нэг, мөн Монгол оронтой бизнесийн чиглэлээр олон жилийн хугацаанд хэлхээ холбоотой яваагийн хувьд би түүнийг ярилцагчаараа сонгосон юм.

-Юуны өмнө ярилцах саналыг маань хүлээн авсанд баярлалаа. Таны өвөг дээдэс хэн байв гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе. Халимаг түмний түүхээс ойлгоход  дөхөм болох болов уу гэж бодож байна?

-Намайг ярилцлагынхаа зочноор урьсанд маш их баярлалаа. Би Америк дахь анхны Халимаг Монгол хороололд төрж өссөн. Миний өвөг дээдэс Зүүнгарын нутаг дэвсгэр буюу одоогийн Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжааны Ойрад Монголын овог аймгаас гаралтай. 1600-аад оны эхээр олон мянган халимагууд Зүүнгарыг орхин, Ижил мөрөн Каспийн тэнгисийн цутгал орчимд нүүдэллэн очсон юм билээ. Дараа нь 1700-аад оны сүүлчээр буюу Оросын агуу Катрена хатны засаглалын үед зарим нь Зүүнгар руу буцаж нүүсэн ч замдаа олон мянган халимагууд үрэгдсэн байдаг.

Таныг анхандаа Халимагт төрж, Америк руу эцэг эхийн хамт цагаачилсан юм болов уу гэж бодож байлаа. Аав ээж тань хэзээгээр Америкийг зорив, тэнд хэрхэн төвхнөсөн талаар яриач?

-Эцэг эх маань 1952 онд АНУ-д цагаачлан ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Германд түгжигдэж, холбоотны хүчний тусламжтайгаар чөлөөлөгдсөн 580 гаруй халимаг бүхий том хоёр бүлэг иргэдийн нэгээхэн нь манайх байв. АНУ 1951-1952 оны үед Ази тивээс цагаачдыг хүлээн авахгүй байх бодлого барьж байсан ч Орост 400 гаруй жил амьдарсан халимагуудыг Европ эсвэл Орос гаралтай хэмээн ангилж, Америкт цагаачлахыг зөвшөөрсөн. Лев Толстойн охин Александра Толстойн үүсгэн байгуулсан “Толстой сан”, “Дэлхийн христийн сүм” буяны байгууллагууд хамтран 1952 онд халимаг иргэдийн томоохон бүлгийг Америк руу цагаачлахад нь тусалсан. Тэдгээр анхны иргэдийн дунд миний эцэг эх, ах нар маань багтсан юм.

Дорнод аймагт

-Тэдний Америк дахь эхэн үеийн амьдрал ямаршуухан байв. Энэ талаар таньтай хэр нээлттэй ярилцдаг байсан бэ?

-Тэдний амьдрал тийм ч сайн байгаагүй, хангалттай хоол хүнс авах боломж ч үгүй байсан. Эцэг эх маань АНУ-д цагаачилсанаас гурван жилийн дараа би 1955 онд төрсөн. Хэсэг хугацааны дараа авга ах маань гэр бүлийнхэнтэйгээ ирж, бидэнтэй хамтдаа амьдрах болсон. Бид цугаараа жижигхэн байшинд амьдардаг байлаа. Манай байшин үндсэндээ хоёр том өрөөтэй, дотроо сангийн холболтгүй. Бид байшиндаа сантехник суурилуулж, усаа гараар шахдаг байснаа сайн санаж байна. Арын хашаандаа модон жорлонтой байлаа шүү дээ.

АНУ-д дэлхийн хоёрдугаар дайны дараах бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж эхэлсэн үе байсан тул барилгын ажил дээр халимагууд ажиллаж эхэлсэн. 1952 онд Солонгосын дайн дууссанаас хойш хоёрхон жил, бас Японтой хийсэн дайнаас хойш цөөн хэдэн жил өнгөрсөн тул Нью Жерси муж дахь бидний амьдардаг хотын захын дүүрэгт Ази хүмүүсийн эсрэг үзэл маш хүчтэй байсан. Нью Жерси мужийн Монмут тойргийн Хоуэлл сууринд 200 орчим халимаг суурьшиж байсан бөгөөд бид АНУ-д анхны буддын сүмийг барьсан юм.

Аав маань барилга дээр ажиллаж, ээж маань жижиг дэлгүүрт маш бага хөлсөөр ханцуй оёдог оёдолчин байв. Харин аав маань ЗХУ-ын 18 автономит мужид харьяалагддаг Халимаг Улсад бэлчээрийн мал аж ахуй эрхэлж өссөн тухайгаа ярьдаг байсан. Намайг өсөж торних үед манай гэрийнхэн монгол уламжлал, зан заншлаар амьсгалдаг хэвээрээ байсан. Халимаг хэл бол миний хамгийн түрүүнд сурсан эх хэл минь юм. Аав маань “Чи гэртээ байхдаа монгол хэлээрээ ярь. Шаргал үст, цэнхэр нүдтэй, буруу шашинтай хүмүүс чамд англи хэл заах болно” гэж хэлдэг байсан болохоор бид гэртээ монголоороо ярьдаг байв. Хэдий би АНУ-д өссөн ч миний амьдралд бидний өвөг дээдсийн түүх, соёл маш их нөлөөтэй байсан.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач. Таны бага нас хаана өнгөрөв, хэр дэггүй хүүхэд байв?

-Би Нью Жерси мужийн Монмутын Фривуд Акрес гэдэг газар өссөн. Энэ бол Толстойн сангаас оросын цагаачдыг АНУ-д цагаачлахад ивээн тэтгэсэн орос цагаачдын суурьшсан газар байв. Та намайг дүрсгүй хүү байсан уу гэж асуулаа, би багадаа адал явдалд дуртай хүүхэд байсан. 50-60-аад оны үеийн хүүхдүүд дугуй унаж, ой мод руу гүйж, цагийг хүрээлэн буй орчинтойгоо танилцаж өнгөрөөдөг байлаа. Бидний эргэн тойронд дайны дараах барилга байгууламжууд баригдаж байсан ч манай хороолол шороон замтай хэвээр, манайхны барьсан Буддын сүмийн хажууд Оросын үнэн алдартны сүм байрласан сонирхолтой цаг үе байсан. Бидний амьдрал маш их адал явдлаар дүүрэн байсан. Эцэг эх маань намайг заримдаа дүрсгүй гэж тодорхойлох үе байсан шүү. Гэхдээ энэ нь эргэн тойронтойгоо танилцаж бүх зүйлийг сониучирхан үзэж хардаг үе маань байв. Бид сургуульд сурч эхлэхдээ бусад сурагчдаас тэс өөр гэдгээ ойлгосон. Гэхдээ бид хоорондоо их ойр дотно өссөн.

“Говийн гурван тэмээ” жуулчны бааз

-Тухайн үед халимагууд бие биедээ хэр тусалж дэмждэг байв?

-Миний өссөн хороололд 200 орчим халимаг байсан байх. Жишээ нь, намайг таван настай байхад цэцэрлэгт манай ангийн бараг тал нь миний үеэлүүд, бүгд халимаг монгол хүүхдүүд байсан. Хоуэлл Тауншип хотын ахлах сургуулийн хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн хөл бөмбөгийн багт есөн халимаг хүүхдүүд байлаа. Бид хоорондоо маш дотно, бие биедээ туслахын тулд маш их зүйлийг хийцгээсэн. Ихэнх эрчүүд барилга дээр ажилладаг тул сүм барих юм уу эсвэл бие биенийхээ гэрийг барихад туслахаар цугладаг байсан.

-Би таныг ахтай гэж сонссон. Ах тань хуульч гэсэн ойлгосон?

-Би таван ахтай байлаа. Хоёр нь Германд дүрвэгсэдийн лагерьт нас барсан. Нэг нь 1952 оны хоёрдугаар сард анх АНУ-д ирээд нас барсан. Би түүнийг уушгины хатгалгаанаас болж нас барсан гэж боддог. Тэр ахтайгаа хэзээ ч уулзаж байгаагүй. Хоёр ах маань найм орчим насны зөрүүтэй. Том ахтайгаа барилгын салбарт олон жил хамтран ажилласан ч би 1985 онд, ойролцоогоор гуч гаруй жилийн өмнө өөрийн компаниа байгуулан гарсан. Хоёр дахь том ах маань өмгөөлөгч мэргэжилтэй, гэхдээ одоо тэтгэвэртэй суужээ. Тэр Вашингтонд амьдардаг хэдий ч Нью-Жерси дэх Буддын шашны сүмтэй маш их ойр холбоотой байдаг. Ах маань Монголд ирж үзсэн. Халимагуудын түүхийг сайтар судалсан хүн байгаа юм.

-Таны анхны мэргэжил мужаан. Тэгэхээр танд ч бас хуульч болох боломжийг эцэг эх чинь олгосон байж таарах нь. Яагаад заавал мужаан гэж?

-Би долоо найман настайдаа барилгын туслахаар ажлын гараагаа эхэлж байлаа. Нагац ах, ах дүү, хамаатан садантайгаа барилгын ажил их хийнэ. Би зүгээр л муруй хадаас түүж, алхаар тэгшлээд ​​буцааж зардаг байсан. Бид маш ядуу, амьдрахын тулд олон цагаар ажиллах хэрэгтэй байв. Би зун болон амралтын өдрүүдээр ажиллаж орон сууц барихад суралцсан. АНУ-д үүнийг “Модоор хүрээлж байшин барих” гэж нэрлэдэг. Учир нь нэг айлын байшингийн 90 хувь нь модон хийцээр баригддаг байсан гэсэн үг. Би ингэж л өссөн.

Мэдээж би их сургуульд сурсан ч хайрт аав маань намайг 14 настайд таалал төгссөн. Би их сургуульд гурван жил суралцсан ч ээжийгээ асарч, амьдралаа залгуулахын тулд мужааны ажил хийхээр сургуулиа орхисон. Бусдын төлөө олон жил зүтгэж, хамгийн том ахтайгаа хамтран ажилласны эцэст хувийн барилгын компаниа байгуулсан. Багаасаа барилгын талбар дээр ажиллаж, модоор байшин барихад суралцаж, маш сайн мэдлэг хуримтлуулсан. Би бүр багадаа өөрөөсөө хамаагүй ах хүмүүсийг ажилд авч удирддаг байлаа. Цагийн ажил давхар хийж, жижиг төслүүдийг хэрэгжүүлснээр өөрийн бизнестэй болж, дуртай ажлаа мэргэжлээ болгосон юм даа.

Би орон сууц байшин барих дуртай. Учир нь шинээр юм барих, тэр дундаа мужааны ажилд бүр их дуртай. Өөрийгөө бизнест маш их азтай хүн гэж боддог. Яагаад вэ гэвэл миний бизнесийн энэ амжилт монгол болон америк хүмүүст ажлын байр гаргаж, боломжийг бий болгоход нь тусалсан. Эцэг эх маань надад хуульч болох боломжоос илүү ихийг өгсөн. Эцэг эх  маань бидний төлөө маш ихийг золиосолсон. Тэд Сталин, Гитлерийн балмад үйлдлээс амьд үлдэж чадсан. Тэдний туулсан зовлон намайг АНУ-д өсөж торних боломжийг олгосон учраас би Америк хүн, гэхдээ монгол цустай Монгол хүн, энэ хоёр хүчирхэг соёлыг хамтад нь өвөртлөж явах нь миний хувьд хамгийн их зол аз завшаантай хэрэг юм. Эцэг эх минь дайны аймшигт үеийг даван туулж АНУ-д ирсэнд надад харамсах бодол огт байдаггүй, харин ч эсрэгээрээ талархдаг. Харамсалтай нь аав маань надад өгсөн энэ том боломжуудаа харж чадалгүй тэнгэрт хальсан. Ээж маань 2004 онд 84 насандаа таалал төгсөхөөсөө өмнө миний амжилтын заримыг харахаас гадна монгол соёл, зан заншилдаа үнэнч хэвээр үлдсэнийг олж харсан гэж найддаг. 

1990 он

-Мужаанаас барилгын компанитай болох тэр гялалзсан санаа хэзээ анх төрөв?

-Барилгын мужаан нь тавилга хийдэг мужаанаас ялгаатай. Гэхдээ би бүх төрлийн мужааны ажилд дуртай, мужаан хүний гараас гарсан бүтээлүүдийг үнэлдэг. 1987 онд мужааны бизнесээ эхлүүлсэн нь надад олон төрлийн төслүүд дээр ажиллах, илүү шинийг эрэлхийлэх эрх чөлөөг олгосон. Бид компаниа эхлүүлж байхдаа бямба, ням гаригт байшингаа барьж, нэмэлтээр өөр барилгуудын тавцан дээр ажиллах юм уу эсвэл бусад барилгын ажил хийдэг байсан.

Далай лам, ах Девид Урубшуроу нарын хамт

-Та ямар нэг шашин шүтдэг үү. Хэр шүтлэгтэй вэ?

-Ихэнх халимагууд буддын шашинтай. Тиймээс Америкт суурьшсан халимагууд тэндхийн анхны бөгөөд хамгийн том буддын сүмүүдийн нэгийг барьсан гэж би түрүүнд хэлсэн. Би буддын шашинтай гэр бүлд төрж өссөн. Мэдээж би буддизмыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө буддын шашинтан гэж боддог. Миний буддын шашны дээдэлдэг зүйл бол хайр энэрэл, бусдын төлөө сайн үйлс хийж, бусдыг өөрөөсөө дээгүүр тавих явдал юм. Би Далай ламтай хэд хэдэн удаа уулзан адислагдаж байсан. 1995 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Ричард Гирийн хамт Дүйнхорын авшиг хүртэхээр Монголд ирэхэд нь би дагалдан явсан.  Ричард Гиртэй бол 1989 онд анх танилцаж түүнийг Монголд ирэхээс өмнө олон жил найзалсан.

-Манай монголчууд том жижиг нь хамаагүй, ямар нэг байшин барихаараа шав тавьдаг зан үйлийг та мэдэх байлгүй. Би нэг шал саваагүй асуулт асууя. Та Америкт барилга барихдаа ямар нэг зан үйл үйлддэг үү?

-Мэдээж би халимаг монгол хүн болж өсөж торнисон болохоор өөрийн гэсэн оюун санааны болон шашны зан үйл, зан заншилтай болж өссөн. Бид байшин барих эсвэл нүүж орохоосоо өмнө лам авчирч ном уншуулж адислуулдаг. Бид дөнгөж сая Нью Жерсигийн Крэнбери хотод барилгын болон аялал жуулчлалын компанидаа шинэ оффис барьсан. Хөрсийг нь ухаж, суурийг нь барьж эхлэхээс өмнө лам залж, шав тавих газраа адислуулсан. Тиймээс ламаас адис авах нь бидний уламжлалын нэгээхэн хэсэг байсан бөгөөд одоо ч хэвээр байна.

Манзуширын хийд. Жүжигчин Ричард Гирийн хамт

Таны бизнес хоёр тулгууртай. Нэг нь барилга, нөгөө нь тансаг зэрэглэлийн аялал жуулчлал. Монголд жуулчны баазаа байгуулж байсан түүхээсээ хуваалцаач. Анх монголд хөл тавих үеийн сэтгэгдэл ямар байв. Догдолж байв уу?

-“Nomadic Expeditions” компани нь 1992 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Арав шахам жилийн дараа 1999 онд монгол архитектор, мужаан нарын хамтаар “Говийн гурван тэмээ” баазыг барьж байлаа. Барилга угсралтын ажил бараг гурван жил үргэлжилж, 2002 онд ашиглалтад оруулсан. Баазаа сүм хийд маягаар барих санааг Монголын урлагийн нэрт судлаач Н.Цүлтэмийн бичсэн Монголын архитектурын тухай номноос санаа авсан. Мужаан хүний ​​хувьд дээврийг ямар ч хадаас ашиглахгүй барих тухай санаа нь надад их таалагдсан. Бид монгол гуалин хэрэглэлгүй, Сибириэс дүнз авчирч, эртний уламжлалт углуургын аргаар баазынхаа гол байшинг өөрийн гараар барьсан болохоор бахархдаг. Дээврийн хавтанг мөн шавар цемент цутгах гар аргаар хийсэн. Манай “Nomadic Expeditions” компани болон “Говийн гурван тэмээ” баазын хамт олон гайхалтай үйлчилгээ, гайхалтай туршлагыг хамгийн тохилог орчинтой хослуулснаар тансаг зэрэглэлийн операторын статустай болсон гэж би боддог.

1990-ээд онд Монголд анх хөл тавьсан цагаасаа л Монголын хэд хэдэн дархан цаазат газарт эко буудал барих санаа төрж байлаа. Анх 1990 онд буюу Монгол Улс ардчилсан орон болсон тэр жил би Монголд айлчлах урилга хүлээж авсан юм. Барууны аялагчдад Монголыг сурталчлахыг тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн надаас хүссэн. 1990 онд анх Монголоор аялсан аяллынхаа олон дурсамжийг санаж байна. Нийслэлд зочилж, эцэст нь хөдөөгүүр явж Монголынхоо уудам тал нутгийг үзэж, адуучид, нүүдэлчидтэй уулзахад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хаана ч явсан монгол царай харж, монгол хэл сонсох нь надад маш их сэтгэл хөдлөм байсан. Энэ нь надад маш их аз жаргалыг өгсөн. Одоо ч гэсэн монгол царай харж, монгол хэл сонсох таатай байдаг.

-Бидэнтэй хамтарч ажиллахын сайн, муу талыг юу гэж хардаг вэ. Дан магтаалаар миний асуултыг булзааруулаасай гэж хүсэхгүй байгаа болохоор аль аль талыг нь дурдсан нь зүйтэй байх. Эс хүсвэл хариулахгүй байсан ч болно доо?

-Би Америкт монголчуудтай хамт өссөн, тэдэнтэй хамт ажиллаж байсан. Бид бол хүчирхэг үндэстэн. Нью Жерси дэх хамт өссөн хүмүүсээс гардаг ижил шинж чанаруудыг би Монголд ч бас олж хардаг. Чингис хаан амьдралынхаа ихэнх хугацааг бусад монголчуудтайгаа тулалдаж, тэднийг нэгтгэсний дараа дэлхийн хамгийн том гүрнийг байгуулсан гэж би хүмүүст байнга ярьдаг. Монголчуудын атаархуу эсвэл бие биеэсээ ашиг хонжоо олох гэж оролддог зан нь сөрөг тал нь. Монголчууд хамтдаа зүтгэж, хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж тусалдаг бол хүссэн бүхнээ хийж чадна гэдэгт би бат итгэдэг.

Таны идэр насны Монгол орны тухай төсөөлөл ямар байв. Тэр үе хүйтэн дайны үе байсан шүү дээ?

-Би бага байхаасаа Монголын тухай үргэлж сонирхдог байсан. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болж, улмаар 60-аад оны дундуур НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газраа Манхэттен дүүрэгт 77 дугаар гудамжинд нээсэн. Тэр үед хүйтэн дайны үе гэлээ ч манай гэр бүл, ээжийн ах, авга ах маань Монголын төлөөлөгчийн газрын анхны гишүүд, НҮБ-д суугаа Монгол Улсын Элчин сайд нартай холбоотой байж, найзалж нөхөрлөн тэдний заримыг гэртээ хүлээж авдаг байлаа. Тухайн үед АНУ-тай дипломат харилцаагүй, коммунист орнуудын гишүүд НҮБ-ын Ерөнхий ассамблейн байрнаас АНУ-ын Төрийн департаментад мэдэгдэлгүйгээр 50 милийн радиусаас гадна зорчихыг хориглодог журам үйлчилдэг байсан. Харин азаар бид 50 милийн радиус дотор амьдарч байсан бөгөөд Байнгын төлөөлөгчийн газрын гишүүд манай хороололд айлчлах боломжтой байсан. Олон сайхан түүх бий л дээ, жишээ нь 70-аад оны сүүлчээр нагац ах бид хоёр Нью-Йорк хот дахь НҮБ-ын байр руу амьд хонь машиндаа ачиж авч явж байсан юм. Элчин сайдад хонины шинэ мах амсуулахаар шүү дээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хамт

-Монгол таны сэтгэл зүрхний орон мөн үү. Яг юу нь таныг соронз мэт татдаг вэ?

-Монгол орон миний зүрх сэтгэлд хамгийн онцгой байр суурь эзэлдгийг хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа. Монгол орныг онцгой болгодог зүйлсийн жагсаалт маш урт. Тиймээс очих болгондоо би энэ нутагт татагддаг. Олон зуун жилийн тэртээ өвөг дээдсийн минь адил хүчирхэг, хатуу ширүүн амьдралаар амьдарч буй нүүдэлчин ард түмний өргөн уудам үзэсгэлэнт газар нутгаас шинэ зүйлийг би үргэлжлүүлэн олж танисаар байдаг. Монголын баялаг уламжлал, зан заншил монгол аж ахуйд гэлтгүй Ази, Европ, Хойд Америк хүртэл хадгалагдан үлдсэн. Бидэнтэй хамт Монголд есөн удаа ирж нүүдэлчдийн нутаг, соёлыг үргэлжлүүлэн судалдаг үйлчлүүлэгч ч бий.

-Нууц биш бол гэр бүлээ бидэнд танилцуулаач. Та гэрлэлт тал дээр хэр азтай нэгэн бэ?

-Би өнөр өтгөн гэр бүлтэй, азтай хүн. Би дотны нэг ахтай. Бас дотно байгаагүйдээ харамсдаг нэг ахтай. Олон үеэл, зээ, дүүтэй. Мөн сайхан залуу болж өссөн хүүтэй. Харамсалтай нь түүний ээж бид хоёр олон жилийн өмнө салсан. Гэхдээ тэр миний хүүгийн ээж болохоор би түүнийг үргэлж хайрлаж, халамжилж байх болно. Тэр бол сайн ээж, сайн хүн.

-Таны амьдралд тохиосон хамгийн уналтын үе хэзээ байв. Бас хэрхэн даван туулав?

-Миний амьдралд сайхан цаг үеүдээс гадна алдаатай мөчүүд олон байсан. Танд байгаа тэдгээр гайхалтай зүйлсийг умартсан үед амьдралд тэрхүү бараан цаг мөчүүд тохиолддог гэж боддог. Би тэр бүхнийг умартаж, өөрт байгаа бүхий л хүчээрээ хичээхийн оронд сэтгэлээр унах, уурлах, аз жаргалгүй байх сонголтыг өөртөө өгсөн. Миний амьдралын сургамжуудын нэг бол хүчирхэг хэвээр үлдэхийг хичээж, байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдрэхийг хичээх явдал юм.

-Халимагт хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Тэр ард түмэнтэй ямар нэг шижмээр өөрийгөө холбоотой байлгахыг хүсдэг болов уу гэж бодож байна?

-Би хамгийн сүүлд 1995 онд Халимагт очсон. Тэнд миний хэд хэдэн үеэл одоо ч амьдардаг. Бид сайн харилцаатай байдаг. Аавыг нас барснаас хойш олон жилийн дараа бид хоёр эгчийнх нь хүүхдүүдийг олсон. Тэдний нэг нь манайхыг Оросоос дүрвэж явсны дараа төрсөн юм билээ. Харамсалтай нь энэ аймшигт цар тахлын үеэр Халимаг дахь хамаатан саднуудаасаа алдлаа. Би гурван үеэлээ алдсан нь надад маш хүндээр нөлөөлсөн. Би 2020 онд Халимагт очихоор төлөвлөсөн байлаа. Нөхцөл байдал хүн бүрийн аяллын төлөвлөгөөнд нөлөөлсөн байх. Цар тахлын нөхцөл байдал сайжрахаар Халимаг руу явна гэж бодож байгаа.

-Та их хурц ухаантай хүн байх. Хэр зөн совинтой вэ. Зөн совингоо дагаж чухал шийдвэр гаргаж байсан удаа бий юу?

-Барилгын салбарт 40 гаруй жил, аялал жуулчлалын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа болохоор ямар нэг зүйлийг зөн билэг гэж тодорхойлж чадахгүй л байна. Урт хугацааны карьерыг бий болгоход олон жил хуримтлуулсан туршлагадаа найдах, өмнөх туршлагаасаа суралцах нь зөн билиг гэж нэрлэж болох юм. Бид алдаа гаргаж, түүнээс суралцах үед бидний мэдрэмж нэмэгддэг. Зөн билиг үү эсвэл зүрх сэтгэлээ дагаж гаргасан чухал шийдвэрийн жишээ бол “Nomadic Expeditions” ХХК-ийг байгуулаад, олон жилийн дараа “Говийн гурван тэмээ” баазыг барихаар шийдсэн явдал юм. “Nomadic Expeditions” компани болон “Говийн гурван тэмээ” баазыг санхүүгийн ашиг олох зорилгоор эхлүүлээгүй учраас энэ чухал шийдвэр байсан. Би хичээл зүтгэлийнхээ хариуд эдийн засгийн хувьд ашиг хүртэж байгаагүй ч энэ бол миний амьдралдаа сүүлийн 32 жилийн хугацаанд гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг бөгөөд амьдралын минь гол хэсэг болсон. Би хүмүүсийг аяга таваг угаагчаас тогооч болохыг харлаа. Машин угааж байсан залуус менежер болохыг үзлээ. Хөтөч нар маань аялал жуулчлалын компанийн ахлах менежер болохыг ч харж байсан. Тэгэхээр энэ нь мөнгөнөөс хавьгүй үнэ цэнтэй зүйл юм даа.

-Та амьдралынхаа аль үед “За энэ мөнгө надад хангалттай. Одоо бусдын төлөө амьдрах цаг маань ирсэн байна” гэж бодож үзсэн үү?

-Би мөнгө олох, гэр бүлээ тэжээхийн тулд маш их ажилласан. Би хэзээ ч ямар нэг тоонд хүрэхийн төлөө зорьж ажиллаж байгаагүй. “Nomadic Expeditions” ХХК, “Говийн гурван тэмээ” баазад оруулсан хөрөнгө оруулалт болоод Монголоо сурталчлахад зориулсан 32 жилийн зорилго маань миний хийх дуртай ажлын нэг болжээ. Хэзээ ч ашиг хүртэнэ гэж аль ч санхүүгийн үедээ болон оюун ухаандаа ч бодож байгаагүй.

-Энэ цагт хэн нэгний хараад Ази хүн юм чинь Ази л хүн гэж ойлгох нь өрөөсгөл болчихлоо. Ази хүн хэрнээ дотроо өрнө оршихуйтай эсвэл Европ хүн атлаа дорно оршихуйтай хүмүүс дэлхийгээр нэг байх болчихлоо. Та энэ хоёр хувилбарын аль нь бэ. Тухайлбал, монголчууд бидний мэдэхээр сайн бол Холливудын жүжигчин Ричард Гир байна. Та хоёрыг мэнд устай, сайн нөхөд гэж сонссон?

-Би монгол хүн, бас америк хүн гэж дээр хэлсэн. Баруун монгол аялгуу бол АНУ-ын Нью-Жерси муж дахь монгол, орос үндэстнүүдийн дунд сонссон миний анхны хэл байсан. Би хоёр ертөнцөд хөлөө тавьж, тэндээ бат бөх оршиж байна.

-2012 онд байгуулсан “Говийн гурван тэмээ” жуулчны бааз тань Үндэсний газар зүйн нийгэмлэгээс шалгаруулдаг шалгаруулалтыг давж дэлхийн 50 эко баазын нэгээр шалгарч байсан юм билээ. Энэ талаараа бидэнд товч ярьвал сонин байх?

-2012 онд “National Geographic Adventure” сэтгүүл дэлхийн хамгийн шилдэг 50 эко баазын нэгээр “Говийн гурван тэмээ” баазыг шалгаруулсан. Мөн 2019 онд “Condé Nast” аялагчдын сэтгүүлийн хагас сая орчим уншигч “Говийн гурван тэмээ” баазад саналаа өгч Азийн шилдэг 10 дахь зочид буудлаар шалгарсанд мөн адил бахархдаг.

-Би бизнесийн талын хүмүүсийг сайн мэддэг гэж өөрийгөө хэлж чадахгүй. Бизнесмэн хүн хэзээ нь хүн чанараа гаргах ёстой юм. Эсвэл бизнес эрхэлж олон хүнийг ажилтай, орлоготой нь байлгаж байгаа нь хүн чанар юм уу?

-Би бусад бизнес эрхэлдэг хүмүүсийн өмнөөс хариулж болохгүй байх. Гэхдээ зүгээр л хүмүүсийг ажилтай, орлоготой болгох нь миний хувьд хангалттай эсвэл зорилгодоо хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэггүй. Миний хувьд хүмүүс хийж байгаа ажлаасаа таашаал авч, өсөж дэвжих боломж олгохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх компанийг бий болгож чадвал бизнест оруулсан хөрөнгө оруулалт маань надад илүү их сэтгэл ханамжийг авчирдаг.

Бид Монголд хэрэгжүүлж буй олон төслүүдээ өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн зөн” ашгийн бус байгууллагыг байгуулсан. Говь нутагт өвөлжилт хүндэрсэн үед бид говь нутгийн малчдад өвс тэжээл хандивладаг. Бид говьд олон мянган мод тарьсан ч ургах нь бага байгаа тул илүү олон мод тарих хэрэгтэй байна. Мөн манай бааз “Монгол банхар” төсөлтэй хамтран ажиллаж, нохойг үржүүлэх, сургах, нүүдэлчин айлуудад нохой өгөх ажлыг хийж байна. Түүнчлэн бид урлагийн боловсролыг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын сургуульд тэтгэлгийн санг эхлүүлээд байна.

Шонхор шувууг устах аюулаас аварч, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 1999 онд нутгийн казах иргэдтэй хамтран “Цармын бүргэд” наадмыг эхлүүлсэн. Одоо бид Баян-Өлгий аймгийн цармын бүргэдийг хамгаалах, соёлын өвийг хадгалж хамгаалахад туслах төсөлд н.Нямбаяр доктор болон Монголын шинжлэх ухаан, байгаль хамгаалах төвтэй хамтран ажиллаж байна. Бид олсон ашгаа юунд зарцуулж байгааг ажилчид маань мэдэж байгаа байх. Монгол Улс сүүлийн 2 жил гаруйн хугацаанд аялагчдад хаалттай хэвээр байгаа ч бид цар тахлын үеэр нэлээд олон ажилчдаа ажилтай байлгаж чадсан гэдгээ хэлэхэд таатай байна. Тэд ажил мэргэжлээ манай компаниас эхлүүлсэн учраас бид ажилчдаа үргэлж дэмжихийн зэрэгцээ удахгүй аялагчид ирнэ гэдэгт ч мөн итгэлтэй байгаа.

Өмнөговь аймаг. Баянзаг

-Тантай ярилцахад таатай байлаа. Одоо сүүлийн асуултаа асууя. Хүмүүс таныг хожим нь хэн байснаар тань дурсан санаасай гэж хүсдэг вэ?

-Би одоо ч олон төслүүд дээр ажиллаж байгаа болохоор хийхийг хүсч буй зүйлсийн жагсаалтын хамт та бүхэнтэйгээ дахин уулзахдаа баяртай байх болно. Ямар ч зүйл тохиолдсон олон хүнд үр өгөөжөө өгдөг, сайхан зүйлс олон байгаасай гэж бодож байна.

Ярилцсан Батсуурийн Туул

FB: Batsuuri Tuul

4.5 4 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
2 Жил

Сайхан хүн юм даа

Back to top button
wpDiscuz
1
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version