НийтлэлTravelНийгэмОнцлох

Тусгай хэрэгцээт гэр бүлийн аялал төлөвлөхөд юу шаардагдах вэ?

Тусгай хэрэгцээт гэр бүлийн гишүүнтэй байж болох олон шалтгааны дунд бид мөр зэрэгцэж хамт амьдарч байна. Тухайлбал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны судалгаагаар 1 тэрбум орчим хүн буюу манай гаригийн долоон хүн тутмын нэг нь хүйтэн дайн, цөмийн дэлбэрэлт, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байдал, өвчин, эм тарианы үр дагавар, ажлын байрны аюултай нөхцөл байдал, бусдын санаатай болон санамсаргүй учруулсан гэмтэл бэртэл, ахуйн болон замын осол, баталгаагүй хүнс, удамшил, мухар сүсэг гэх маш олон шалтгааны улмаас хүнд ба хөнгөн хэлбэрээр энэ бүлэгт харьяалагдаж  ажиллаж, амьдарч байна.  

Тэд жирийн хүмүүстэй харьцуулахад маш олон бэрхшээлийг туулан аялалд явдаг.  Тусгай хэрэгцээт хүн гэхээр бид даун, аутизмтай хүнээс эхлээд харааны болон хэл яриа, сонсголын бэрхшээл, орлуулсан эрхтэнтэй эсвэл огт байхгүй, тэргэнцэр болон таягтай гээд олон янз байдлыг ойлгох нь зүйтэй юм.

Бусадтай харилцах болон өөрийгөө илэрхийлэх чадварын тухайд ч мөн адил. Тэдэнд зориулсан ариун цэврийн байгууламж бүхий зочид буудал, ресторан, амралтын газар, үзвэр үйлчилгээний газар, жуулчны бааз байрших хэрэгсэл манай улсад байгаа билүү? Тэргэнцэртэй иргэнийг бие даан аялуулах битгий хэл асран хамгаалагч нартай нь авч яваад ч тухтай аялуулах, амраах дэд бүтцийн хүртээмжийг бид төлөвлөлтгүй хийсээр л байна. Тэд ийм нөхцөл байдлын улмаас хаалганы цаана хоцорсоор л сууна.

Тэгвэл тэднийг бусдын адил ая тухтай аялуулахын тулд юуг анхаарвал зохистой вэ? Гэр бүлээрээ тусгай хэрэгцээт хүнээ аваад явж байгаа аялагчид хэнд хандаж болох вэ?

Autistic child Rowan, 5, communicates with six-year-old Bodibilguunson. He is the son of Mongolia guide. Rowan is riding a horse in Mongolia, accompanied by his parents Rupert and Kristin. Rowan’s parents believe horses and shamans can unlock their son’s autistic mind. This is their journey of discovery across Mongolia on horseback. The story is published by the Sunday Times and accompany text by Tim Rayment.

Нэн тэргүүнд энэ чиглэлээр мэргэшсэн аяллын компаниудаас үйлчилгээ авах нь хамгийн үр дүнтэй байдаг. Манай оронд ийм төрлийн мэргэшсэн аяллын компаниуд тун ховор байдаг хэдий ч цаашид энэ чиглэлээр мэргэшиж чадвал орон зай, зах зээл, хэрэглэгч байгаа юм. Хэрвээ энэ төрлийн аяллыг зохион байгуулах санал ирвэл дараах зүйлсийн дагуу аяллаа төлөвлөж болох юм.

Дараах 10 зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

  1. Аяллын маршрутыг уян хатан төлөвлөнө. Өдрийн аяллын цагийг амрах, хэвтэх, унтах, чилээгээ гаргах цагийг тооцоолсон аяллын замыг тооцоолсон байна.  Нэг газраа 2-3 хонох хөтөлбөрүүд илүү тааламжтай байдаг ба эсвэл өртөөчлөн нүүж очих хэлбэр их тохиромжтой. Хэрэглэдэг эм тарианы онцлогоос нь шалтгаалж аль болох үдээс хойш аяллыг эхлүүлэхээр төлөвлөх ч хэрэг гардаг. Хүн ам хэт их төвлөрсөн газраас аль болох зайлсхийнэ. Хэт их бартаа саадтай, эсвэл олон цаг машинаар зорчих зам сонгохгүй байхыг эрхэмлэнэ. Гэр бүлээрээ аялагчдын нас хүйс, гэр бүлийн гишүүдийн тоо, урьд нь аялж байсан туршлагын талаарх мэдээллийг авна.
  2. Аяллын техник хэрэгслийг нэмж тоноглоно. Хээрийн нойл болон шүршүүр , унтах майхан нь хэт нам биш байх. Аяны нойлын суултуур болон эвхдэг ор бариултай , хальтрахгүй гулгахгүй, тулахад бат бөх байхаар төлөвлөнө. Хоолны ширээ нь тэргэнцэр дээрээсээ идэхэд тохиромжтой, гар угаалтуур нь гараа угаахад тохирсон өндөртэй байна. Морь унах аялал төлөвлөвөл хоёр хүн сундлах зориулалттай  эмээл, тоног хэрэгсэлтэй байхаас гадна уртын морин аялалд амархан ядардаг тул заавал сэлгэх илүү морь, орон нутгийн хөтөч нэмэлтээр авч явна.
  3. Аяллын машиныг сонгохдоо тэргэнцэртэйгээ шууд машиндаа орох боломжтой зориулалтын тоноглосон машин сонгоно. Хэрвээ олдоц муутай бол тэргэнцэрийг эвхэх, буулгахад тохиромжтой өндөртэй зай ихтэй машин төлөвлөнө. Машин дотор тухайн хүний хэрэглэдэг цүнхийг гар доор ойрхон авч явах, эмнэлгийн анхан шатны тусламжийн хайрцаг болон ойр зуурын чухал шаардлагатай яаралтай эм тариаг харагдахуйц газар ил байрлуулна. Тусгай хэрэгцээт хүнтэй яваа тэмдэг наалтыг арын цонхонд байрлуулж өгөх нь бусад жолооч нарын зүгээс ирдэг хэт түрэмгий үйлдэл болох хүчтэй дуут дохионоос сэргийлэх нэг арга байдаг. Ингэхдээ заавал тухайн иргэнээс энэ тэмдгийг хэрэглэх зөвшөөрлийг авсан байх ёстой. Учир нь ийм тэмдэглэгээнд зарим хүмүүс маш эмзэг ханддаг байна.
  4. Аяллын хоол хүнсний сонголтыг хийхдээ аль болох өөрсдийнх нь дассан хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүнийг сонгох. Монголд аялсан аутизмтай хүүгийн (Морьтой жаал) аяллын үеэр Рован зөвхөн шарсан бекон иддэг байсан тул олдоц муутай аяллын явцад тусгайлан хотоос захиж авчруулж байсан. Мөн зарим төрлийн хэт их сэргээдэг, эсвэл хэт шарсан, хуурсан хоол хүнснээс аль болох татгалзах шаардлагатай байдаг. Орон нутгийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэнэ. Ийм хүмүүс жирийн хүнээс илүүтэй эм хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямралд голчлон орсон байдаг. Иймд голдуу хүний биед хурдан шингэдэг хоол хүнсийг санал болгоно.
  5. Аяллын хөтөч, туслах ажилтан болон бусад үйлчилгээний ажилтнуудын хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгчийн сургалтанд тогтмол суусан байна. Мөн тусгай хэрэгцээт хүмүүстай ажиллах сургалтанд хамрагдана. Тухайлбал Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургалтын хөтөлбөрт зааснаар:

Тэргэнцэртэй хүн

  • Тэргэнцэрийг болгоомжтой эвхэж, дэлгэнэ.
  • Удаан хугацаанд ярихдаа буюу биечлэн ярихдаа доош нэг түвшинд сууна.
  • Хэт ойрхон зогсохгүй.
  • Алхах, гүйх гэх мэт үгсийг болгоомжтой хэрэглэнэ.

Харааны бэрхшээлтэй хүн

  • Аливааг зааж үзүүлэхдээ хараагүй хүний өнцгөөр сэтгэж  хэлнэ.
  • Зөвшөөрөл авсны дараа гараас нь хөтлөн явна.
  • Тэр зүгт хар, анзаарах, харагдац зэрэг үгсийг хэрэглэхээс айх хэрэггүй.
  • Хэт өрөвдсөн өнгөөр ярих юмуу хийх ёстойг шууд заахгүй. 

Сонсголын бэрхшээлтэй хүн

  • Дуу хоолойгоо хэвийн түвшинд ярина. Хашгираад нэмэргүй.
  • Сонсголгүй хүн сонсоогүйн улмаас ард хоцорсон байж болзошгүй нөхцлийг бодолцож үзнэ.
  • Бохь зажлахгүй, чихэр хүлхэхгүй, тамхи татахгүй.
  • Зочноос ойлгосон эсэхийг асуухаас бүү ай, өөрөө яриаг нь ойлгоогүй бол дахин асуу.

Аутизмтай хүн

  • Гэнэт хашгирах, уйлах, цохих, өөрийгөө гэмтээх үйлдэлд бэлэн байх
  • Удаан тайван ярилцах, тайлбарлах
  • Нэг зүйлийг олон давтаж хийдэг тул болиулах гэж оролдохгүй байх зэргийг тусгасан байдаг.
  • Орон нутагт аялахдаа тааралдаж байгаа гадна дотны хүмүүс болон зорьж очиж байгаа газрын үйлчилгээний ажилтнуудад  урьдчилан мэдэгдсэн байна.
  • Аяллын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж хараа хяналтгүй ганцааранг нь орхихгүй байх тал дээр онцгойлон анхаарлаа хандуулна. Ээлж ээлжээрээ хажууд нь байх хуваарийг урьдчилан гаргана. Тэргэнцэр болон таяг мөн бусад хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ойр ойрхон тогтмол шалгаж байх. Үүнийг аяллын хөтчийн хөтөлбөр дээр заавал бичнэ. Мөн олон нийтийн газар төөрвөл олсон хүнд ойлгогдох байрлалд холбоо барих утсыг бичсэн мэдээлэл хийж өгч явуулна. Аяллын үеэр тохиолдож болзошгүй зүйлсийн талаар гэр бүлийнхэнд нь мэдээлэл сайн өгөх, ойлгуулах.
  • Тэднийг халамжлах тал дээр өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг хүнээс байн байн халамж тавиад байхаар өөрийгөө бусдаас дутуу гэж бодож байна хэмээн уурлаж эгдүүцдэг тул мэдрэмжтай байх хэрэгтэй болдог. Юуг өөрөө хийж чадах чадахгүйг гэр бүл асран хамгаалагчаас нь урьдчилан судлаж асуух. Хамт ажиллах хүмүүстээ энэ талаар мэдээлэл хүргэх. Өөрөө хүсээгүй үед яагаад ийм болсныг нь асуухгүй байхыг зөвлөдөг.
  • Яаралтай үед холбогдох эмч, эмнэлгийн ажилтан, асран хамгаалагч нарын утас, мэдээллийг авсан байна.
  • Аяллын туршид авсан гэрэл зураг, тусгай хэрэгцээт байдлынх нь талаар олон нийтийн мэдээллийн хуудсан дээр зөвшөөрөлгүй тавьж болохгүй. Сурталчилгааны арга хэрэгсэл болгодоггүй гэх зэргээр мэргэжлийн компаниар үйлчлүүлэх олон сайн давуу талууд байна.

Эцэст нь хэлэхэд ар гэрийнхнийх нь сэтгэл санааны нөхцөл байдлыг мэдэрч, ойлгож хамтарч ажиллаж чадвал аялал илүү амжилттай болох бүрэн боломжтой юм.

Young couple planning vacation trip with map. Top view. Pointing to Thailand map

Нийтлэлийг бичсэн М.Нарангэрэл

2021.11.29

Улаанбаатар хот.

Эх сурвалж: ЖИМ АЯЛЛЫН ХӨТӨЧ СЭТГҮҮЛ 2021.12 сар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version