Нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай хэр чухал вэ?
Ажил эсвэл хичээлийн дараа найзуудтайгаа уулзалт төлөвлөхдөө бид цэцэрлэгт хүрээлэн орж хамт алхах, зугаалах санааг яагаад тэр болгон гаргадаггүй вэ?, Чөлөөт уулзалтууд яагаад заавал үйлчилгээний байгууллагад буюу гадна орчноос тусгаарлагдмал газарт болдог вэ?
Гадуур найзуудтайгаа уулзах, амралтын өдөр салхинд гарах гэх мэт чөлөөт уулзалтууд буюу “hang out” хийхэд очих газар нь хаана ч байж болох ба тогтмол ойлголтгүй байдаг. Гэвч Улаанбаатар хотын тухайд энэхүү ойлголт хязгаарлагдмал мэт. Хэн нэгэнтэй уулзахад та төлөвлөгөө боловсруулан товлосон газраа хүрээд буцах үйл явцад багагүй хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг, бүр ойролцоо амьдардаг байсан ч уулзалдахад төвөгтэй нөхцөлүүд байдаг. Хэрэв таны амьдардаг газрын ойролцоо тухтай, цэвэрхэн, замын хөдөлгөөнөөс хол, ямарч хүн очих боломжтой нийтийн эзэмшлийн амралт зугаалгын талбай байсан бол зарим зүйлүүд илүү хялбар байх боломжтой биш гэж үү.
“Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд нийтийн эзэмшлийн талбайг хотын гол тулгуур багана, өнгө үзэмж, нүүр царай болон иргэд хоорондын холбоо гэж тодорхойлдог.”
2020 оны байдлаар МУ-ын нийт хүн ам болох 3,357,542 иргэний 68.9% нь хот суурин газарт амьдардаг ба мөн нийт хүн амын 47.5% нь Улаанбаатар хотод амьдарч байна.
- Нийтийн эзэмшлийн талбай гэж юу вэ?
UN-HABITAT (The United Nations Human Settlements Programme) буюу НҮБ-ын хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн тодорхойлсноор “Аюулгүй, Амьд харилцаатай, Сайн хангагдсан байх”.
Нийтийн эзэмшлийн талбай гэх ойлголтод явган хүний зам, гудамж, цэцэрлэгт хүрээлэн буюу гадаад талбайгаас гадна музей, номын сан гэх мэт маш олон зүйлүүд хамаардаг ба хэнд ч нээлттэй байдаг хүн хоорондын харилцааг бий болгодог газар юм. Эдгээр нь зөвхөн тав тухтай талбай бус эдийн засаг, байгаль орчин, соёл, нийгмийн харилцаанд эерэг дэвшлүүдийг бий болгодог. Жишээ нь та хангалттай өргөн, явган хүний замаас тусдаа, шаардлага хангасан дугуйн зам хаа сайгүй байна гээд төсөөл дөө, олон хүн машинаас татгалзаж дугуйг сонгосноор гарах өөрчлөлт одоогийн Улаанбаатар хотод хэр их нөлөөлөх бол?
- Нийтийн эзэмшлийн талбай орхигдвол юу болох вэ?
Гэрээсээ гараад алхах, амрах талбайгүй газар амьдрах нь үл мэдэгдэх стрессийг үүсгэж байдаг гэж хэлж болно. Ийм газар амьдардаг хүмүүс ихэвчлэн нүүх, аюултай газар амьдарч буй мэт санагдах, сэтгэл зүйн хувьд урт хугацааны бухимдал үүсгэж байдаг. Энэ бухимдлыг бид цар тахлын хөл хорионы энэхүү үеэр илүү ойр мэдэрч бидэнд энэхүү орон зай, талбай ямар их дутагдалтайг ойлгосон билээ.
Дани улсын нэгэн хот төлөвлөлт, суурьшлын газраас цар тахлын хамгийн мэдрэг үед буюу тархалтын эхний сард хийсэн судалгаагаар Данийн хот болох Копенхагенд явган хүн, дугуйн болон бусад хэсгүүд хангалттай өргөн тухтай байснаар иргэд хүн хоорондын зай барихаас эхлээд бусад үйл ажиллагаанд айдас багатай байгаа нь харагджээ. Харин Нью Йорк хотын хүн их суурьшсан газруудыг харьцуулахад өдөр тутмын харилцаа илүү эрсдэлтэй, иргэдийн айдас илүү байсан байна.
- Нийтийн эзэмшлийн талбай түгжрэлийг бууруулдаг
Хүнд ээлтэй хот байснаар хэрхэн түгжрэлийг ялсан тухай хамгийн том жишээ бол Сөүл хот. Машины замыг тэлэх, ахин шинийг барих нь зөвхөн машинууд нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдгийг олон томоохон хотын жишээ харуулдаг. “Хотод машинууд биш хүмүүс амьдардаг” гэх уриагаар хотын төвийн хамгийн их тээврийн хэрэгсэл зорчдог гүүрийг нураан Чонгёчон голын сувгийг нээн тохижуулснаар явган хүний хөдөлгөөн ихэсгэж, агаарын болон чимээний бохирдол их хэмжээгээр буурсан жишээ бий.
- Нээлттэй урлаг буюу Public art
Нийтийн эзэмшлийн талбайд байх урлагийн бүтээлүүд зураг, баримал ямарч төрлөөр, хаана ч байрлаж болох ба одоо байгаа нийгмийн түүх соёл, дурсамжийг бүтээж тухайн нийгмийн толь болж хотын үнэ цэнийг мөн харуулдаг гэж тодорхойлжээ.
Эдгээд урлаг нь зөвхөн түүхэн хөшөө хоосон талбайд босгох бус хүмүүст урам зориг, зорилтот ойлголтыг өгөх, урлагийн бүтээлийг мэдрэх, зөрөөд өнгөрөх газар бус орчинтойгоо зохицон амрах тайван газар гэдгийг хүмүүст мэдрүүлэх юм. Судалгаагаар өдрийн цайгаа уухдаа урлагийн бүтээл харах нь кортизолын түвшнийг (стрессийн даавар) 40 минут орчим бууруулсан ба энэ нь багадаа 5 цагийн бусад стресс тайлах үйл ажиллагаатай тэнцүү хэмжээтэй байжээ.
Зөв төлөвлөгдөж шаардлага хангасан нийтийн эзэмшлийн талбай нь олон талаар нийгэм, эдийн засгийн урт хугацааны өгөөж авчирдаг ба эдгээр нь заавал том хэмжээний бүтээн байгуулалт байх шаардлагагүй тухайн газрын онцлогт тохирсон жижиг хэмжээний төсөл ч иргэдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж чадна.
Эх сурвалж: ЖИМ АЯЛЛЫН ХӨТӨЧ СЭТГҮҮЛ 2021.12 сар