WorldFocus

Бираме Диоп: Цэргийн сэтгэл зүйг дэмжин ажиллаж байгаад талархаж байна

Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат ажиллагааны газар оронд аюулгүй байдлыг дээшлүүлэн энгийн иргэдийн айдасгүйгээр амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Жуба хот-Нимуле хотыг холбосон эдийн засгийн ач холбогдол бүхий хангалтын төв зам дагуу байрлах “Ару уулзвар”-т Руанда Улсын 1 дүгээр мотобуудлагын батальоноос холын эргүүлийн бүлгийг томилон үүрэг гүйцэтгүүлэв.

Энэ үеэр цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт болон түр ажиллагааны баазтай танилцахаар Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлиш Тинайкар болон бусад албаны төлөөлөгч нартай хамт 9 дүгээр сарын 28-ны өдөр айлчлав.

Уганда Улсаас ирэх бүх төрлийн хангалтын цуваа руу зэвсэгт бүлэг ачаа барааг дээрэмдэх, отолт хийх зөрчлүүд гарч байгаа нь Өмнөд Судан Улсын ард түмний амьжиргаанд ихээхэн хүнд цохилт болж байгаа тул Жуба бүсийн хариуцлагын бүсэд холын эргүүл зохион байгуулж, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх бололцоог ханган ажиллаж байгаа юм.

Бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний өмнө тулгарч буй бэрхшээлүүд, үе үе гардаг зөрчилдөөн, гэмт хэргийн гаралтын шалтгаан зэрэгтэй танилцан эдгээрийг бууруулахын тулд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Мөн энэ долоо хоногт БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаатай танилцахаар Нью-Йорк дахь НҮБ-ын Энхийн сахиулах ажиллагааны газрын Цэргийн зөвлөх, Сенегал Улсын генерал Бираме Диоп 2021 оны 10 дугаар сарын 2-6-ны хооронд албан ёсны ажлын айлчилж хийж байна.

Айлчлалын хүрээнд Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат Цэргийн зөвлөх, генерал Бираме Диоп, Хүчний командлагч болон дагалдан явж буй албаны бусад төлөөлөгчийг өөрийн штабын байрлалд хүлээн авсан ба энэ үеэр Жуба бүсийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, өөрийн авч хэрэгжүүлсэн шинэ дэвшилтэт ажлын арга барил болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Айлчлалын төгсгөлд генерал Бираме Диоп хэлсэн үгэндээ Жуба бүсийн командлалын удирдлагын гар нийлэмжтэй ажиллагаа, цэргийн багуудаа нэгдсэн удирдлагаар хангаж, цэргийн сэтгэл зүйг байнга дэмжиж, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг анхааран ажиллаж байгаад талархаад, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тусгайлан сайшаасан ба бусад улс оронд явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ болохыг санал болгов.

Хошууч Н.ГАНТУЛГА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version