СурвалжлагаВидеоОнцлохОрон нутаг

Баянхонгор аймагт НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өглөө

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх /2021.08.04/ арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Хишигбаатар, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, улсын ахлах байцаагч Л.Оюун-Эрдэнэ, Аймгийн ГЗБГЗЗГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга А.Цэцэнбилэг, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал П.Батчулуун, нягтлан Б.Бямбасүрэн, ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан,  төслийн Бэлчээрийн  менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа, Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Санхүү захиргаа хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт, Италийн “Saldarini” брэндийн төлөөлөгч Франческо Салдарини нар оролцлоо.

Ёслолын арга хэмжээний эхэнд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал П.Батчулуун мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “НАМЭМ төсөл манай аймагт хэрэгжээд 11 жил болж байна. Энэ хугацаанд малчдыг хамтын зохион байгуулалтад оруулж, бэлчээр нутгаа хамгаалах, хөдөлмөрөө хорших, малын эрүүл мэнд үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дээшлүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, Хадгаламж зээлийн хоршоо болон Малчдын хоршоо байгуулах, малчин эмэгтэйчүүдийг дэмжих гэсэн зорилгын дор хэрэгжлээ.

Манай алсын хараа бол “Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”. Хамгийн чухал нь хүн. Хүн эрүүл байхын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой. Энэ бүхний эх үндэс нь бэлчээр гэдэгт санаа нэгдэн ажиллаж байна. Ногоон алт төсөл манай аймагт анх 2010 онд Гурванбулаг, Баянговь, Баянлиг сумдад, 2015 онд Богд суманд, 2017 оноос Жинст, Шинэжинст, Баянцагаан, Бөмбөгөр, Заг, Баацагаан сумдад хэрэгжсэн. Бэлчээр ашиглагчдын 125 хэсэгтэй болсноос 67 нь Бэлчээр ашиглагчдын гэрээг Сумын засаг даргатайгаа хийсэн байна. Үүний 64 нь Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын LM програмд бүртгэгдсэн. “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ыг төсөл хэрэгжиж байгаа 10 сумын 40 багийн 2000 малчинд танилцуулж санал хүсэлтийг нь авсан. Дараа нь аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж баталгаажуулсан. Үүний үр дүнд Шинэжинст, Богд, Баянцагаан, Гурванбулаг сум Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмаа ХЗДХЯ-нд бүртгүүлээд явж байна.

ШХА-ийн Ногоон алт төслөөс 2010-2016 он хүртэл Баянхонгор аймгийн хэмжээнд 643.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2017 оноос 336,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд 21,7 сая төгрөгийн Эрсдлийн сан, 100 сая төгрөгийн Дундын сан бүрдүүлж, үүнийгээ өргөжүүлээд “Дөрвөн богдын буян” ХЗХ нь 250 гишүүнтэй, 450 сая төгрөгийн активтай, “Жинст бодь мөнгөн сүрэг” ХЗХ нь 42 гишүүнтэй 60 сая төгрөгийн активтай, Хадгаламж зээлийн 4 хоршоо байгуулан “Хуримтлалтай малчин”-г бий болгохоор ажиллаж байна.

Баянлиг суманд анхан шатны хоршоо болон Хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан. Баянговь, Богд, Жинст суманд ХЗХ, Гурванбулаг суманд анхан шатны хоршоо тус тус байгуулагдсан. Богд, Баянговь, Баянлиг, Гурванбулаг сумд Малчдын байртай, Жинст сум энэ онд дуудлага худалдаагаар байртай болсон. Аймгийн хэмжээнд 330 цэгт бэлчээрийн фотомониторинг хийгддэг, энэ хүрээнд аймгийн бүх сумдын Газрын мэргэжилтэнүүд сургалтад хамрагдаж, шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгсэлтэй болсон байна.

Сумдын хоршоод сарлагийн хөөвөр, торомны ноос, тэмээний ноос, ямааны ноолуур, мал мах бэлтгэх ажлыг сайн зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд манай хоршоод 40 тонн тэмээний ноос, 6.5 тонн торомны ноос, 24 тонн сарлагийн самнасан хөөвөр, 82 тонн хонины ноос, 12.5 тонн ноолуур, 2500 хонь, 1000 үхэр зэргийг бэлтгэж, Ногоон алт дундын хоршоогоор дамжуулж, “Сор”, “Баялаг-Өлзий”, “Сноу фийлдс”, “Эрдэнэт хивс”, “Ноос Ирээдүй”, “Мах маркет”, “Саян уул” зэрэг үндэсний үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлж, тодорхой урамшууллыг малчдад өгч ажилласан байна.

Малын эрүүл мэндийн мөшгих системийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг төслийн зүгээс Загвар сумдад өгсөн. Бусад сумдад хэрэгтэй мал эмнэлгийн тоног төхөөрөмжийг аймгийн төсөвт суулган хүлээлгэн өгсөн. Энэ ажлын үр дүнд Баянхонгор аймгийн бүх сум Мал эмнэлгийн гарал үүслийг тодорхойлж, бүртгэх цахим системд холбогдсон. Мөн бэлтгэн нийлүүлж байгаа мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд гарал үүсэл бичиж, тодорхой хэмжээнд эм эмийн үлдэгдэл байгаа эсэхийг шинжилгээ хийсний дараа хэрэглээнд оруулдаг болсон нь “Эрүүл монгол хүн” байх зорилгод нийцсэн ажил болсон. “Хариуцлагатай малчин, хариуцлагатай бүтээгдэхүүн” гаргахаар Богд сумыг Загвар болгон ажиллаж байна” гэлээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Хишигбаатар “Манай аймаг 2017 онд анх Бэлчээрийг хариуцлагажуулах талаар гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа ярилцаж  байсан.  Журмыг хэлэлцэж шууд батлах боломжгүй бусад хуулийн зүйл заалттай зөрж, асуудал үүсч байсан. Төлбөр мөнгөтэй холбоотой учраас болохгүй гээд ХЗДХЯ-аас буцааж байлаа. Гэхдээ та бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам” маань хууль болоод батлагдчихсан байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны хамгийн том үр дүн. Хуулийг цаашид яаж хэрэгжүүлэх вэ, бусад аймагт хэрхэн үлгэрлэх вэ гэдэг сорилт бидний өмнө байна. Баянхонгор аймгийн хөгжлийн 5 жилийн ажлын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  энэ журамыг оруулж, төлбөр мөнгийг яаж тусгахаа ярьж байгаа.

2017 оноос хойш манай аймаг байгалийн давагдашгүй нөхцөлд хүндхэн цаг үеийг даван туулж явна. Энэ жил л зуншлага сайхан байлаа. Тиймээс олон жил ган, зудтай нөхцөлд байсан малчидтай холбоотой асуудалд нухацтай хандаж, жилдээ 500-1000 төгрөгөөр татвар авах гэдэг дээр тогтоод байна. Малчид маань өөр аймаг бүс нутагт отор нүүдэл хийгээд буцаж ирж байна. Гэхдээ ирэхдээ тухайн өвөлжсөн аймаг, орон нутгаасаа мал авах, тоо толгойгоо нэмэх хүсэл, хандлага ажиглагдаж байна. Тиймээс энэ асуудлыг журамаар шийдвэрлэнэ.

Бид бүхний хамтын ажиллагааг бодит болгож, Бэлчээрийн үлгэрчилсэн журамдаа “Малчид бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, бэлчээртээ тэгш оролцоотой байна” гэдэгт санал нэгдсэн. Журмаа хэрэгжүүлэхэд манай аймаг тэргүүлж ажиллана” гэв.

Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч Б.Батсуурь “Баянхонгор аймгийн хувьд ШХА-ийн НАМЭМ төсөл 2010 онд анх 3 суманд эхэлж байсан бол 11 жилийн хугацаанд 10 сум болон өргөжсөн нь үр дүн сайн байсны илрэл гэж бодож байна. НАМЭМ төсөл Баянхонгор аймагт маш үр дүнтэй хэрэгжсэн төслүүдийн нэг. Аймаг орон нутаг өөрсдийн хүч чадлаар хийж чадахааргүй асуудлуудад анхаарч, Монгол улсын хэмжээнд дэмжлэг өгч ажилладаг гэж ойлгодог.

Үүний нэг илрэл нь НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа бүх сумдад бэлчээр ашиглалтыг сайжруулах, малчдын бүлэг  хоршоо байгуулах, ХЗХ, хоршоо байгуулж, Баянхонгор аймгийн малчддаа бэлчээрийг хамгаалж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийг төлбөртэй болгох, зөв зохистой ашиглахад анхаарсан олон сайхан ажил хийгдсэн байна. Төсөл хэрэгжсэн 10 сумын малчдад үр дүн бодитой хүрсэн. Хонгор нутгийн ард иргэдийг дэмжиж ажиллаж байсан та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.  

Цаашид олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл Богд сумын жишээг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Ганаа танилцуулав.   

ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан хэлэхдээ “НАМЭМ төсөл 17 жил хэрэгжээд 9 сард дуусах гэж байна. Бид маш их зүйлийг хийж, хэрэгжүүлсэн. Аймаг сумдад хийж хэрэгжүүлсэн олон сайхан ажлыг Малчдын байгууллагууд маань цаашид амжилттай үргэлжлүүлээд явна гэдэгт итгэлтэй байна. Малчдын 3 тулгуурт байгууллагыг бид хөгжүүлсэн. Аливаа улс орны хөгжлийг харахад хоршиж, хамтарч, нэг зорилгын дор нэгдсэнээр хөгждөг юм байна.

Баянхонгор аймагт онцолж хэлэхэд цагаан ямаагаараа алдартай. Үйлдвэр болон гадаадын түнш байгууллагууд цагаан ямааны ноолуурыг асууж сурдаг. Гэхдээ цагаан ямаатай таван сумын бэлчээр яах аргагүй муудсан шүү. Бэлчээр байж мал байна. Тиймээс тэр сумдын удирдлага, малчид илүү их анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

НАМЭМ төсөл дууссан ч гэсэн аймаг, сум орон нутаг энэ чиглэлд илүү анхаараасай гэж хүсэж байна. Монголын тогтвортой ноолуурын чиглэлд хамтран ажилладаг Италийн “Saldarini” брэндийн төлөөлөгч Франческо Салдарини энэ арга хэмжээнд оролцож байна. Тэр дэлхийн зах зээлд ямар стандартыг анхаарч, чухалчилдаг болсон талаар мэдээлэл өгөхийг хүсэж байна” гэлээ.

Италийн “Saldarini” брэндийн төлөөлөгч Франческо Салдарини “1882 оноос эхлэлтэй манай “Saldarini” брэнд ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлддөг. Дэлхийн зах зээл дээр Монгол ноолуур танигдаагүй. Нөгөө талаар өнөө цагт ноолуурын салбар байгаль орчинд хор уршигтай үйлдвэрлэл гэж үздэг болсон. Тиймээс тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэлхийн хэрэглэгчдэд ойлгуулах нь чухал болсон энэ цаг үед  Монголын үе үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь байгальд ээлтэй, органик, дахин давтагдашгүй чанартай гэдгийг баталж харуулахыг хичээж явна.

Монголын цагаан ямааг дөрвөн улирлын аясаар байгалийн бэлчээрт өсгөн үржүүлсэн. Монголын нүүдлийн мал аж ахуйн хэв маяг өөрөө ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой болгож байгаа. Тиймээс Монголын ноолуур тогтвортой гэдгийг дэлхийн хэрэглэгчдэд таниулах нь чухал. Яагаад гэвэл монголын ноолуур чанартай. Өвлийн хүйтнийг даван гардаг учраас ноолуур нь дулаахан, чанартай, сайн бүтээгдэхүүн болдог.

Дэлхий дээр ноолуурыг худалдан авагчид олон янз бий. Зарим нь түүхий эдийг зүгээр л өндөр үнээр авдаг бол зарим нь байгальд ээлтэй, стандартын дагуу бэлтгэсэн ноолуур авахыг зорьдог. Миний хувьд хоёрдох худалдан авагч нь. Тиймээс олон улсад баталгаатай чанартай гэдгийг нь харуулж, түүхий эдээ байгальд ээлтэй аргаар бэлтгэсэн гэдгээ таниулах цаг үе ирсэн. Стандартын дагуу бэлтгэчихвэл өндөр үнэтэй ноолуурын түүхий эд тогтмол худалдан авах хэрэглэгч олон бий. Би ноолуурын салбараас өнөөдөр олох ашгаа бодохыг хүсээгүй. Харин урт удаан хугацааны хамтын ажиллагааны хүрээнд олон жил үргэлжлэх тогтвортой үйлдвэрлэлийг чухалд үзсэн.

Магадгүй би өндөр үнээр ямааны ноолуурыг аваад байвал малчид улам олон ямаатай болохыг хичээж, бэлчээрээ улам муутгана. Харин тогтвортой, байгальд ээлтэй аргаар ноолуураа бэлтгэхэд анхаарвал малчид бэлчээрээ хамгаална. “Хариуцлагатай нүүүдэлчид” стандарт надад итгэл төрүүлсэн учраас энэ системээр баталгаажсан түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг зорьж байна.

Тиймээс дэлхийд танилцуулахад нь туслах,  нүүдлийн мал аж ахуй нь эрчимжсэн мал аж ахуйгаас өөр гэдгийг ойлгуулахыг зорьсон. Та бүхэн маш том боломж бий болж байгааг зөв ойлгож, байгалиа хайрлаж, тогтвортой ноолуурын  зах зээлд тэргүүлэгч болоход анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.  

Газар зүйн заалтаар баталгаажуулах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг минь хүлээн авсанд талархаж байна. Ингэж баталгаажуулснаар “Монголын ноолуур” мөн гэдэг давуу эрх олгоно. Монголын ноолуур зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж бусад орны бүтээгдэхүүнээс ялгарна. Монголын малчин хүн бэлтгэсэн түүхий эдээр хийсэн  бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулах ажилд Малчдын байгууллага нь оролцож байж, төр болон хувийн хэвшил нэгдэж байж Европын, АНУ-ын зах зээлд ойлгуулна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр дүнд Малчин хүний хүч хөдөлмөрөө зориулж, өсгөн үржүүлдэг ямааны ноолуурыг нь өндөр үнээр авдаг болчихвол тэд илүү хариуцлагатай ажиллаж, байгалиа хамгаалж, жинхэнэ утгаараа тогтвортой ноолуур бэлтгэдэг болно гэдгийг ойлгоорой” хэмээн өгүүлсэн юм.

Богд сумын Газрын даамал Ж.Үүрцайх “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн үнэлгээ, түүнд үндэслэн СГЗБТЖ төлөвлөгөө, БАГ-ний хэрэгжилтийг үнэлэх нь” сэдвээр танилцуулав.

ГХБХБГ-н удирдлагын хэлтсийн дарга А.Цэцэнбилэг “Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад  фотомониторингийн үнэлгээг ашиглах нь” сэдвээр, Аймгийн МЭГ-н дарга Л.Оун-Эрдэнэ “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээг нэвтрүүлсэн дүнгээс” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

Богд сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Б.Нарангэрэл “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс” танилцуулсан.

Богд сумын “Тусхал Овоо” Мал эмнэлгийн эмч н.Жигмэд БАХ-н малчдад мал эмнэлгийн  үйлчилгээг үзүүлж хамтран  ажилладаг давуу тал, цаашдын тогтвортой байдал” сэдвээр, Сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Гантөмөр “БАХ-д суурилсан маркетингийн хоршоо-малчдын амьжиргааг сайжруулах боломжийг нэмэгдүүлж буй ажил Гурванбулаг сумын Халзан хангайн хишиг хоршооны жишээн дээр” танилцуулга хийсэн.

МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс” танилцуулж, НАМЭМ төслийн багийнхан дүгнэлтээ хэлж дуусаад Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болсон. Төгсгөлд нь НАМЭМ төслийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлж, Батламж, дурсгалын зүйл гардуулж, нэгдсэн зураг татуулснаар ёслол өндөрлөсөн юм. 

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version