НийгэмFocus

МУЗН-ээс цар тахалтай тэмцэхэд 4 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн жил, энэ оны эхний хагас жилд цар тахал, үер ус, зуд гээд гамшгийн үед хэрхэн ажилласан, донор орнуудаас хэдий хэмжээний  хандив босгосон тухайгаа хэлэлцлээ. Мөн тусламж үйлчилгээ хүртэгчдийг сонгох шалгуурт нэмэлт өөрчлөлт оруулж, Гамшгийн үеийн яаралтай тусламж-бэлэн мөнгөний хэмжээг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний хомсдолд орсон иргэдэд туслах зорилгоор зөвхөн энэ оны эхний хагас жилд 10179 өрхөд 519 сая төгрөгийн хүнсний багц бүхий тусламжийг хүрээд байна. Халдварт өртсөн эрүүл мэндийн 715 ажилтанд хүнс, ариун цэврийн багц, Нийслэлийн өрхийн эмнэлгүүд, ОБЕГ, цагдаагийн алба хаагч нарт 116 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, гар ариутгагч, ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлаачдын багийнханд иж бүрэн хувцас, бэлэн байдлын аранз хандивлажээ. Хагас жилийн байдлаар МУЗН 1,1 тэрбум төгрөгийн хандив тусламжийг цар тахалын үеийн гамшгийг даван туулахад зориулан хүргэжээ.

Өнгөрсөн жил буюу 2020 онд корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2,9 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг хүргэв. Улаанзагалмайн нийгэмлэгийнхэн цар тахалтай тэмцэх ажилд Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисстой хамтран  тэргүүн эгнээнд зэрэгцэн ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар хагас жилд нийт тусламж үйлчилгээг 2 тэрбум төгрөгт хүргэхээр дэлхийн донор байгууллагуудтай яриа хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version