Орон нутагFocus

Төмөр замыг сэргээж, хөдөлгөөнийг нээжээ

Хойд чиглэлд осолдоод байсан галт тэрэгний вагонуудыг босгож, тухайн хэсгийн төмөр замыг сэргээх ажлыг бүрэн дуусгасан талаар “УБТЗ” ХНН болон ЗТХЯ-наас мэдээллээ. 

Энэ оны 6 дугаар сарын 24-ний 20.45 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас төмөр зам угаагдаж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус  багийн нутагт, Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76 дугаар км-т явж байсан 23 вагонтой 3202 дугаарын  ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан юм.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгах сэргээн босголтын ажлыг “УБТЗ” ХНН, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт болон байгаль орчны газар, ТЦА, Дархан, Орхон аймгийн “Петровис” ХХК-ийн салбаруудтай хамтран шуурхай зохион байгуулжээ. 

“УБТЗ” ХНН уг хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 6 дугаар сарын 26-ны 19.58 цагт нээж, улмаар сэргээн босголтын ажлыг 27-ны 21.55 цагт бүрэн дуусгасан байна.   

Осолдсон ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаснаас асгарсан түлшний хэмжээг ойролцоогоор 80-100 тонн гэж тогтоож, түлш асгарсан талбай 3 га хамарчээ. Ослын газарт байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрсийг хуулж,  цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээсэн байна.

Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжилгээнд үндэслэн шат дараатай авчээ. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн байна. 

Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай бөгөөд  голд түлш хүрээгүй. Осол болсон газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас тогтоол ус үүссэн байсан. Тогтоол ус руу түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгааг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version