Хууль эрх зүйFocus

Комиссын гишүүд ЗХЖШ-д ажиллаж, хүний эрхийн асуудлаар ярилцав

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудтай уулзаж, зэвсэгт хүчний салбарт хүний эрхийг хангаж, хамгаалах талаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн зүгээс сүүлийн үед цэргийн ангид гарч буй хэрэг, зөрчилд анхаарал хандуулж байгаагаа онцлоод цаашид урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангаж хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн боловсрол олгох тогтолцоог бэхжүүлэх, “Төрийн цэргийн анги, байгууллагууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” суурь судалгаа хийх зэрэг томоохон ажлууд төлөвлөсөн бөгөөд хугацаат цэргийн хөдөлмөр, цэргийн анги дахь хяналтын болон сонгуулийн эрхийн асуудал ч анхаарал татаж байгааг хэллээ.

Мөн ковид-19 цар тахлын нөхцөлд цэргийн ангид халдвар хамгааллын дэглэм сахих, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар холбогдох нөхцөл боломжоор хангах, гомдол саналыг хүлээн авч, шийдвэрлэж ажиллах чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын зүгээс Комиссын гишүүдийн зүгээс тавьж буй асуудалд анхаарч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа хэлээд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version