БоловсролFocus

“Үндэсний бичиг үсгийн баяр” болно

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын мэндийг Та бүхэндээ хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэн зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Учир нь аливаа улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан баталдаг үндсэн суурь үзүүлэлтийн нэгд төрийн албан ёсны хэлтэй байх асуудал ордог.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн. Бидний өвөг дээдэс үүсэн буй болсон үеэсээ аваад өнөөдрийн төрт улсыг уламжлуулан үлдээхдээ түүхэндээ 10 гаруй бичиг үсгийг “улсын бичиг” хэмээн зарлаж, үүнтэй холбогдох олон сайхан дурсгалуудыг үлдээсэн нь эдүгээ “Монгол соёлын үнэт өв-Монголын баялаг” болсон юм. Иймд энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг “Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв” уриа дор цахим орчинд харьяа байгууллага болон мэргэжлийн байгууллагуудтайгаа зохион байгуулж байгаагаа дуулгахад таатай байна.

Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн зорилт, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ын биелэлтийг хангахын тулд хэл бичгийн бодлогодоо ихээхэн анхаарал хандуулан шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын боловсруулалт хийж, баримтад түшиглэсэн баталгаат судалгаанд суурилсан мэдлэгийг үйлдвэрлэн иргэдээ соён гэгээрүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна.

Иймд “Бүх нийтийн соёлын боловсрол олгох” дунд хугацааны хөтөлбөртөө хэл бичгийн талаарх бодлогыг:

1. Бүх нийтэд эх хэлний мэдлэгийг тогтолцоотой олгох;

2.Гадаад улс оронд буй монгол улсын иргэд болон монгол хэл соёлыг сонирхон судлагч олон улсын иргэдэд монгол хэл, соёлын боловсрол олгох гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгахаар боловсруулан ажиллаж байна. Мөн монгол соёлын үнэт зүйл болсон бичиг үсгийн дурсгалын “Мэдээллийн сан бүрдүүлэх”, бүрдүүлж байгуулсан мэдээллийн сангаа соёлын аялал жуулчлалд ашиглах боломж нөхцөлийг бий болгох, хүүхдэд эх хэлний мэдлэгийг бага наснаас нь эхлэн тогтолцоотой эзэмшүүлэхийн тулд “Монгол хүүхдийн үгийн сангийн баялаг”-ийг нас үечлэл бүрээр нь бүртгэн гаргах зэрэг ажлуудыг харьяа байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Ингээд та бүхэндээ үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд “Монгол соёлын үнэт өв болсон үндэсний бичиг үсгээ иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвших” –ийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Соёлын яам

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version