НийгэмОнцлохШинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргээс тэг зогсолтыг эхлүүлнэ

УОК-оос энэ сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хөл хорионы үеэр нийслэлийн 6 дүүрэгт ээлжилж тэг зогсолт хийхээр төлөвлөж байгаа ажээ.  

Тэг зогсолтыг Сонгинохайрхан дүүргээс эхлэх бөгөөд, 11-13-ны хооронд бүх өрхөөс шинжилгээ авч дуусгахаар төлөвлөж буй аж. Одоогоор шинжилгээний цэгүүд хаана байх, иргэд яаж өгөх, хэд хоногт багтааж авах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарч дуусаагүй байгаа юм байна.

Нийслэл болон Улсын онцгой комиссоос аль болох богино хугацаанд буюу хоёр хоногт багтааж шинжилгээ авахаар зорьж байгаа ажээ. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Цагаан сарын үеэр авч хэрэгжүүлж байгаа энэ хөл хорио хамгийн сүүлчийн хорио шүү. Үүнээс хойш дахиж хөл хорио тогтоохыг би дэмжихгүй. Энэ удаад 12 хоногийн хугацаанд л үр дүнтэй ажиллах ёстой. Би дүүрэг дүүргээр нь хязгаарлаж, шинжилгээ авахыг үүрэг болгож байгаа.

Сонгинохайрхан дүүргээс эхлэх гэж байгаа бол тэнд 72 цаг л барина. 72 цагийн хугацаанд нэг ч хөдөлгөөн байх ёсгүй. Бүр тэг зогсолт хийнэ. Тэр хугацаанд халдвартай хүмүүсээ тогтоогоод, түүгээд авчихна. 

Түүний дараа Хан-Уул рүү шилжиж орлоо гэхэд бас хатуу барина. Хан-Уул рүү шилжсэний дараа Сонгинохайрхан дотор иргэд дэлгүүр орох зэрэг ойр зуурын хөдөлгөөн хийнэ. Гэхдээ өөр дүүрэг рүү орохгүй. Энэ мэтээр бүх дүүргээ ээлж ээлжээр хатуу бариад, шинжилгээ авъя. Ингэх гэж л нийслэлийн бүх бие бүрэлдэхүүнийг дайчилж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс хуралдаж, хаана хаана цэг байрлуулах, явуулын цэгийг яаж ажиллуулах, иргэд ямар журмаар шинжилгээ өгөх зэрэг бүх нарийн журмыг гаргах ажээ.  Мөн нийслэлийн бүхий л баг, бие бүрэлдэхүүн 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт төвлөрч, шинжилгээ авах аж.  

Улаанбаатар хотод байнгын 29, түр 43 цэг байгуулах талаар УОК-оос мэдээлж байсан. Тэр бүх цэгийг эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт байгуулах юм байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version