Засгийн газарНийгэмШинэ мэдээ

Хатуу хөл хорионы үед хоногт 35- 41 мянган хүнд шинжилгээ хийнэ

Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна.

Эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хөл хорио тогтоох хүртэл хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээхтэй холбоотой цогц төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм. Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана.

Харин хөл хорио тогтоосноос хойш эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л Улаанбаатар хот руу ирэх, хотоос гарахыг зөвшөөрнө. Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийг аймаг, сумдын удирдлагууд тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстойг Улсын онцгой комисс анхаарууллаа.

Энэ хугацаанд халдварыг 4 дахин хумьж, ААН-үүдээ хэвийн горимоор ажиллах халдвар хамгааллын ажлуудыг хийнэ. 7 хоногийн өмнө зарлаж байгаа нь иргэн, аж ахуй нэгжүүд ажлаа төлөвлөх, хөл хорионы бэлтгэлээ хангах, мөн орон нутгаас ирсэн 10 мянга гаруй иргэдээ гаргах, өрх бүрээс авах нарийн төлөвлөлтийн ажлуудаа нягтлаж, бэлдэх ажлууд хийгдэнэ.

Хөл хорионы үед хоногт 35- 41 мянган шинжилгээ хийх тул 12 хоног хөл хорио тогтоож буй. Цагаан сараар хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар өндөр настан, суурь өвчтэй хүмүүст өндөр эрсдэл үүсгэх тул үүнийг харгалзан үзсэн. Цагаан сарыг шинийн 8-нийг хүртэл хийдэг, засал номын уламжлалт байдлыг ч тооцсон хугацаа болно.Эрүүл мэнд, эдийн засгийн цогц хөтөлбөрийг Засгийн Газар боловсруулж байна.

Хөл хорио дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж хэвийн горимоор ажиллуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version