Засгийн газарОнцлохШинэ мэдээ

УОК: Шинэ жилийг тэмдэглэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.11.04/ Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Шинэ жилийн баярыг байгууллагын хүрээнд нэгдсэн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулж тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Ковид-19-ийн үеэр бид олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь энэ. Эдийн засгийн асуудал улс орны төсөвт хүндрэл учруулж байна. Тийм учраас бид наймдугаар сарын 1-нээс хойш дотоодын худалдаа үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, спорт урлагийн арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж ажиллаж байна.

Өнөөдөр дотооддоо халдвар алдаагүй учраас ямар нэг хориглосон үйлчилгээ алга байна. Гэхдээ эрсдэлийг тооцож ийм шийдвэр гаргах нөхцөл байдал руу биднийг шахаж байна. Дэлхий нийтийг сандаргаж байгаа энэ өвчнийг даван туулахын тулд олон нийтийн баярын арга хэмжээг хязгаарлах бодолтойгоор ажиллаж байна.

Үйлчилгээний салбарууд ялангуяа зочид буудал, ресторануудад хүндээр тусаж байна. Гэхдээ Засгийн газар 3,2 сая иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж үзэх ёстой. Мэдээж  иргэд гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэх нь нээлттэй. Зөвхөн байгууллагууд, ялангуяа төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинэ жилээ тэмдэглэдгийг хориглохоос аргагүй байдалд ороод байна. Иргэд ч бас энэ тал дээр саналаа өгч байгаа. Бид зарим сайтаар өгсөн иргэдийн саналыг харгалзан үзсэн” гэлээ.

Мөн арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх сурагчдын амралтыг наашлуулж, ирэх сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг өдрийг хүртэл амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version