Гадаад харилцааХууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

Улс дамжин үйлдэгдсэн мөнгө угаах гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн гэж үзжээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/-аас Монгол Улсыг 2019 оны 12 дугаар сард стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал жагсаалт/-д оруулсан юм.  

“Саарал жагсаалт”-д орсноос хойш холбогдох байгууллагууд хэд хэдэн удаагийн тайланг хүргүүлсэн ба Монгол Улсын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан /FATF/-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн.

Тэгвэл хурлын үр дүнгийн талаарх хэвлэлийн хурлын үед /FATF/-ын Ерөнхийлөгч Маркус Плейер Монгол Улс өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж, мөнгө угаахтай тэмцэх ажилд ахиц гаргасан болохыг онцолж, “Саарал жагсаалт”-аас гаргасан болохыг зарласнаар манай улс хамгийн хурдан буюу 11 сарын хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарсан улс боллоо.

Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд улс дамнасан томоохон мөнгө угаах гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж, шийдвэрлэсэн нь энэхүү жагсаалтаас гарахад хамгийн том нөлөөг үзүүлсэн болохыг үнэлгээний баг болон /FATF/-аас онцолсон байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрх бүхий мөрдөн байгууллагууд гадаад, дотоодын бохир мөнгөний урсгалтай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах чадавхтай, хүчин чармайлт гаргасан гэдгийг баталгаажууллаа.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр (FATF)-ийн үнэлгээчид мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж байгаа томоохон хэргүүдийн шийдвэрлэлтэд анхаарал хандуулж байсан бөгөөд манай улсын “Саарал жагсаалт”-аас гарахад ихээхэн түлхэц болсон байна.   

Цагдаагийн байгууллагын шалгасан мөнгө угаах хэргийн товч мэдээллийг сайтаас нь авч үзэхэд 2017-2020 онд 1,1 их наяд төгрөгийн хохиролтой, 399 хэрэгт мөрдлөг явуулж, хэргийг шалгах явцдаа 81,3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, шүүхээс 113 хэргийг мөнгө угаахаар шийдвэрлэж ял оноосон байна.

ОгнооШалгасан хэргийн тооХолбогдогчийн тооХохирол /төгрөг/Мөрдөн шалгах ажиллагаанд төлүүлсэн хохиролШүүхээр шийдсэн хэргийн тоо
2018545846,268,126,4473,004,002,92521
2019159136850,345,396,16875,588,288,72037
2020186109225,298,763,7152,800,520,00055
Нийт3993031,121,912,286,33081,392,811,645113

Олон улсын байгууллагын анхаарлыг татаж байсан Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлэсэн томоохон гэх хэргийн талаар тодруулж үзэхэд олны анхаарал татсан хэд хэдэн хэрэг байна. Тухайлбал,

  1. Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудад давуу байдал олгон “Монголиан коппер корпорейшн” ХХК-нд “Эрдэнэт үйлдвэр ТӨХК” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын Ростех улсын корпорацийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлж Монгол Улсад 9,6 их наяд  төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оногдуулсан.  
  • С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон байна. Харин Ч.Даваанямыг  Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон.
  • С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзжээ. Харин шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм.
  • ЦЕГ, ТЕГ хамтран Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, БНХАУ-ын иргэд бүлэглэн  2019 оны 10 дугаар сард БНХАУ-ын 800 гаруй тооны иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудлуудад байрлуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд хандаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулан, хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг угаасан хэргийг илрүүлж, хэрэгт бэлэн 1,5 тэрбум төгрөг, 7 автомашин, 12000 гар утас, 1000 гаруй компьютер зэргийг хураан авч хэрэг холбоотой 25 иргэнийг цагдан хорьж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхээс нэр бүхий 14 иргэнд 9-12 жилийн хорих ял оногдуулсан.
  • Монгол Улсын иргэн Д.Ганболд, Т.Анхбаяр, Б.Хулан, Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас эхлэн Энэтхэг, Турк, Итали, Греенланд, Америкийн Нэгдсэн Улс зэрэг гадаадын 5 улсын 6 компаний и-мэйл хаягийг хакердаж, гадаадын улсын төлбөр хүлээн авах компаниудтай ижил нэртэй 16 аж ахуйн нэгжийг Монгол Улсад үүсгэн байгуулж, 3,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээтэй валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нараас 1,4 тэрбум төгрөгийгтэнцэх хэмжээний хөрөнгийг хураан хохирогч нарт болгохоор шийдвэрлэсэн.
  • Монгол Улсын иргэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдийн үүсгэн байгуулсан  “Жи Пи Эф” ХХК-ийг 2012.07.27-ны өдөр “Си Си Эм Икс” ХХК-д 100 хувь шилжүүлэхдээ компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, зохиомол байдал зориудаар бий болгон “Жи Пи Эф” ХХК-ийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аминбилигт” ХХК-д 1,5 сая ам.доллараар худалдаж, бусдыг залилан мэхэлсэн, их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт нэр бүхий этгээдүүдэд болон хэрэгт хамааралтай нэр бүхий шүүгч нарт шүүхээс ял оногдуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасныг үндэслэн Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд авсан.
  • Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар ашиглан шунахай болон хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа юм байна.
  • Д.Доржпүрэв нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтийг БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид сүүлийн санхүүжилт болох 7 сая ам.долларыг шилжүүлж, БНХАУ-аас өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан 1 сая ам.доллар авсан гэх хэргийг АТГ, ЦЕГ-аас шалгаж уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан. Дээрх хэргийг нэг удаа хаагаад буцаан сэргээсэн ба энэ хэрэгт хууль бусаар олсон хөрөнгөөр барьсан их хэмжээний хөрөнгийг битүүмжлэн шалгаж байна.

Дээрх байдлаар мөрдөх байгууллагууд улс дамнан үйлдэгдсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гаргаж, тэдний анхааралд байсан олон хэргийг шалгаж үр дүнтэй ажилласан гэдгийг олон улсын байгууллага онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version