Татварын 34 үйлчилгээ E-MONGOLIA-д байршжээ
Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж, төрийн бүх үйлчилээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхээр зорьж байгаа юм.
Дээрх асуудлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, даргын зөвлөх С.Тэнгис, тус газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл, систем нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат нар Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.
Татварын ерөнхий газрын зүгээс татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийсэн бөгөөд төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээ байршаад байгаа аж.
Цаашид талууд иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар болов.