7 хоногБайгаль орчинFocus

Ч.Оюундарь: Саарал дэлхийд амьдрах аюул нүүрлээд байна. Тийм болчихвол бидний хэн нь ч, юу ч хожихгүй

Ногоон Ази ТББ-ын мэргэжилтнүүд, “Ногоон нөхөрлөл” оюутны бүлгийн удирдагч, МУИС-ийн Эдийн засгийн III курсын оюутан Чинболдын Оюундарьтай ярилцлаа.

Оюутны Ногоон нөхөрлөл” бүлгийн үйл ажиллагаанд яагаад нэгдэх болсон юм бэ?

-Ногоон нөхөрлөл  бүлэг маань байнгын үйл ажиллагаа явуулдаггүй ч Ногоон Ази ТББ-аас зохион байгуулдаг бүхий л ажилд оролцоод явдаг. Манай бүлэгт МУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Улаанбаатар их сургуулийн оюутнууд байдаг. Хамгийн сүүлд бид Төв аймгийн Баянцогт сумын 70 га талбайд мод тарих ажлыг ахлан оролцлоо. Энэ ажилд 35-уулаа оролцлоо. Манай нөхөрлөлд байгаль дэлхийнхээ төлөө сэтгэл санаа нэгдсэн хүүхдүүд байдаг. Зарим нь 2-3 жил болсон, зарим нь өнгөрсөн оны 9 сараас явж байна. Зарим нь энэ оны 3 сараас  мод тарих ажилд явж байгаа хүүхдүүд. Энэ удаад мод тарих ажилд оролцсон нийт хүүхдүүдийн тал нь анх удаа мод тарьж үзсэн.

-Яагаад Ногоон Ази ТББ-тай хамтран ажиллахаар болсон юм бэ?

-Миний бодлоор байгаль орчны чиглэлд залуучууд нэг их сонирхоод байдаггүй. Голдуу хөгшчүүд өвөө эмээ нар эсвэл харьяа албан байгууллага, яамны хүмүүс, ТББ-ууд л анхаарч ажил хийдэг. Яг сайн бодоод үзвэл бид баяжаад, гоё сайхан байранд амьдраад, нийгмийн ядуурал багасаад, хүчирхийлэл байхгүй боллоо гэхэд  саарал дэлхийд амьдрах аюул нүүрлээд байна. Тийм болчихвол бидний хэн нь ч, юу ч хожихгүй. Тийм болохоор миний бодлоор маш олон хүн байгаль орчны чиглэл рүү орох хэрэгтэй юм шиг санагддаг. Нийгмийн чиглэлд маш олон хүмүүс анхаарал хандуулж, бүгд “Тийшээ явцгаая” гэж уриалдаг. Тэднийг буруутгаж болохгүй ч байгаль орчны чиглэл рүү хандаж байгаа хүн цөөхөн байна. Улам олуулаа болоосой.

Эх дэлхий маань бидний амьдрах гэр маань шүү дээ, тийм үү?

-Тийм. 7 тэрбум хүний амьдрах гэр. Бид өөрт байгаа бүхнээ алдаж байж л ухаарах ёстой юм шиг ханддаг. Түүний оронд учирч болох эрсдлийг урьдчилан харж, аюулаас сэргийлэхийн тулд бид өнөөдөр хийх хэрэгтэй. Бидний өнөөдөр тарьсан 100 мод, дараа нь 100 мянга болон үржих тэр сайхан ирээдүйн эхлэлийг нэг өдрийнхөө хөдөлмөрөөр л бүтээж болно. Энэ бол бол маш чухал.

-Байгаль дэлхийгээ алдаж байга мэдрэмжийг юунаас авсан юм бэ?

-Миний 10 жилийн найз маань “Ногоон нөхөрлөл” бүлгийн гишүүн байгаад хамт явж мод тарьсан. Ногоон нөхөрлөлд ирсэн хүүхдүүдэд анх хоёр төрлийн сургалт явуулдаг. Нэг нь мод тарих арга , ажиллагаа, зааварчилгаа өгдөг.  Нөгөөх байгаль орчны чиглэл болон Ногоон ази ТББ-ийн үйл ажиллагааг танилцуулдаг. Тэр сургалтын үеэр Монгол орны нийт газар нутгийн 6 хан хувь нь ой, газар нутагт маань цөлжилтийн аюул үүсээд байгаа гэдгийг сонсоод маш ихээр эмзэглэсэн.

Зөвхөн бидний амьдардаг Улаанбаатар хотын талбайд хүртэл мод, өвс ургамал гэхээсээ илүү битүү цемент л байдаг шүү дээ. Тиймээс байгаль орчны төлөө мод тариад явна гэдэг маш гоё мэдрэмж. Ногоон азийнхан “Мод тарихаас гадна хүнийг ч тарина” гэдэг.  Надад аль аль нь хосолсон сайхан санагдаад хамтран ажилладаг болсон. Манай чиглэлийн оюутан хүүхдүүд  бүх цагаа хичээл номдоо зориулдаг. Тэд маань хичээл ихтэй, давтах шаардлага тулгардаг ч гэсэн манай үндсэн зохион байгуулагч гишүүд 7хоног бүр уулзаж хурлаа хийдэг.

Хагас сайн өдөр  болгон ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр хамгийн багадаа хоёр удаа уулздаг. Тйимээс би ганцаараа хичээгээд биш нийгэмдээ үр дүнгээ үзүүүлсэн ажил хийж байгаагаараа хамаагүй илүү давуу талыг мэдрэх болсон.

-Байгаль дэлхийнхээ төлөө сэтгэл зүрхээ хандуулдаг хүн олон болохын хэрээр дэлхий маань сэргэх нь хурдан шүү дээ, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Хүн болгон л эх дэлхийгээ хайрлая, анхаарал  тавья гэж хэлдэг. Гэвч хийж байгаа нь маш бага байдаг. Тийм болохоор зөвхөн тэгж ярьдаг хүмүүсийг сонсож,  дэмжихээс илүү чимээгүйхнээр ингээд мод тариад, услаад явах нь миний л хувьд маш том аз жаргал, үр дүнтэй ажил гэж бодож байна.

-Чиний бодлоор хамгийн түрүүнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах энгийн алхам нь юу байх бол?

-Хаана ч явсан хогоо  ил задгай хаяхгүй байх, шүлсээ хаяхгүй байх нь. Байгаль дэлхийтэйгээ маш зөв харьцах ёстой. Байгаль дэлхий бол миний ээж аав, өвөг дээдсийн минь эх нутаг. Миний эх орон гэж ярихаас илүү би эх орондоо амьдарч байгаа болохоор гэж хараасай. Эх орноосоо бүхнийг авч ашиглахаасаа илүү өөрийн тусаа өгч, түүнийг хайрлах хэрэгтэй. Хүйн холбоо  гэж ярьдаг даа. Хүмүүс эх дэлхийгээ дарлаад байгаа юм шиг надад санагддаг. Миний хаясан ганц шүлс, хаясан хог яав л гэж дээ гэж боддог. Тэр бол маш буруу ойлголт, хандлага шүү дээ.

Бусад хүмүүс хог хаяж байхад, би хаяхад яавал гэж дээ гэж хэлдэг?

-Тийм. Эсвэл халааснаасаа унагаасан хогоо авахгүй, орхиод яваад өгдөг нь үнэхээр харамсалтай.

-Энэ үйлдэл нь нэг талаар өөрийгөө бусдад онцгүй харагдуулж, таагүй харилцааны эхлэл болно гэдийг бодох хэрэгтэй, тийм үү?

-Мэдээж. Миний дүү хогны талаар огт боддогүй, идсэн чихрийнхээ цаасыг гадаа шууд хаячихдаг байсан. Яваандаа намайг хараад, надтай мод тарихаар яваад үлгэр дуурайллыг маань хүлээн авсан. Миний хийж байгаа бүхнийг хараад хүмүүжил авна гэдэг их сайхан. Зөвхөн бид л мод тариад, ургуулах гээд байгаа биш. Хүмүүст үлгэр дууриалал үзүүлж, сайн сайхан хандлага харилцааг түгээж, бусдыг амьдралын соёлд суралцуулах маш том алхамыг эзэмшиж явна.

-Байгаль дэлхийгээ хайрлах нь хүн болгоны үүрэг ч гэлээ залуучуудын оролцоо бага байна гэсэн шүү дээ. Яагаад оролцоо бага байгаа юм бол?

-Залуучууд бид нар нэг  талаар хүмүүжилгүй өссөн юм шиг санагддаг. Яг ардчилал гарч ирээд удаагүй, томчууд амьдралаа авч явах гэж хэт хөдөлмөрлөж, тэр хооронд бүх зүйл задгай болчихсон. Зүгээр л зөнгөөрөө шахам өсөөд бүх юм чөлөөтэй гэдэг бодол тээчихсэн. Хүмүүжилд сургасан нь маш бага санагддаг. Бид нар өөрийгөө л бодож өөрийнхөө хүссэнийг л хийж байвал болно гэж боддог. Өөртөө л анхаарч, би ганцаараа сайхан амьдарч байвал боллоо гэж аливаад ханддаг. Ийм хандлага давамгай болсон. Тэгэхдээ үнэндээ би ганцаараа сайхан амьдраад, бусад нь зовж байвал юу нь жаргалтай байна гэж…

-Тэгэхээр та бүхний хувьд олон дунд хамт байж, зөв харилцаа үүсгэж, хүмүүжил олгодог ажил хийж байгаа гэж ойлговол болох уу?

-Тийм. Миний хувьд энэ ажлыг амжилттай хийхийн тулд бусдыгаа ахалж байна. Багаар ажиллахад сурч байна. Багаар ажиллах  нь манай Монголд тийм ч сайн хөгжөөгүй. Гэхдээ энэ соёлд суралцсанаар бусдад урам өгөх, уриалан дуудах зэрэг олон зүйлийг сурч байна.  Бид зөвхөн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж байгаа хэрэг биш. Маш  олон чадварыг өөрсөддөө суулгадаг.

-Уншигчдад байгаль дэлхийдээ анхаарал хандуулах талаар хандаж хэлэх үг?

-Зарим хүмүүс мод тарихаар явчихаад, буцахдаа тамхины ишээ, хогоо хаядаг. Энэ буруу. Бидний маш жижиг үйлдэл бүр маш том үр дагавар авчрах боломжтой. Хүн болгон гэрээсээ гараад л мод худалдаж, аваад талбай дээр тариад  арчлаад  байж чадахгүй ч гэсэн хогоо хаядаг газар нь хаяад байж чадна. Ер нь байгаль орчны хамгийн том ойлголтын нэг нь хувь хүний соёл, хотын соёл.

Гэр хорооллын гудамжны бохир нь холилдчихсон байдаг. Үүнийгээ болиулах хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, бусдыг хохироож болохгүй. Бид тэнгэрт амьдраад, газарт бууж ирээд мод тариад явдаг юм биш. Адилхан л газарт амьдарч байгаа. Тиймээс өөрийнхөө амьдарч байгаа газартаа, амьдрах орчиндоо зөв зохистой харьцаж, соёлтой хариуцлагатай байх хэрэгтэй.

Хамгийн гол нь энэ бүхэн маань бидний ирээдүйд, үр удамд маань өвлөн үлдэнэ. Ганцхан бид амьдраад дуусах амьдрал биш гэдгийг ухаараасай. Энэ тухай Баянцогт сумын ахмад хэлсэн. “Бид ургаж байгаа моддыг харахгүй ч гэлээ бидний үр хүүхэд харна. Тийм болохоор тэд маань өвөө минь мод тарьсан. Би ч бас модыг тарина гэж идэвхи санаачлага гаргана” гэж хэлсэн. Тийм болохоор ирээдүйнхээ төлөө, байгаль орчныхоо төлөө хүн бүр өөрчлөгдөөсэй.

    

П.Нарандэлгэр

1.5 2 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
5 Жил

хөөх ямар сайхан ярилцлага болоо вэ. Хүүхэд залуусын маань сэтгэлгээ бүгдээрээ энэ оюутан охины бодол шиг ижил байвал бид дэлхийгээ аварч чадна даа…
Сурлагын өндөр амжилт хүсье.

Back to top button
wpDiscuz
1
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version