Хэвлэлийн хүрээлэнFocus

2024 оны Олон улсын “Эх дэлхийн өдөр”-т байгаль орчны сэтгүүлчид нэгдлээ

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг “ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” сэдвээр Монгол орны нөхцөл байдлыг ярилцлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэ, минималист, найруулагч Ц.Нямдулам нар оролцлоо.

Өнөөдөр дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая гялгар уут, жилд нийтдээ 500 тэрбум гаруй гялгар уут үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн энэ эрчээр явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар хаягдал хогийн цэг дээр хаягдах болно. Дэлхий нийтээр хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг “Эх дэлхийн өдөр-2024”-өөр шаардаж эхэллээ. Хуванцаргүй ирээдүйг хойч үедээ үлдээх нь эцсийн зорилго юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Интерньюс хөтөлбөрийн дэмжлэгтэй Байгаль орчны сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийн олон улсын гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Өнгөрсөн оны 6 сарын 21-нд нээлтийн сургалтаа хийж байсан оролцогчид нэг жилийн хугацаанд 4 удаагийн воркшоп сургалт, 4 удаагийн байгаль орчны сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтаар олж авсан мэдлэгээрээ байгаль орчны асуудал хөндсөн бүтээл хийж эх дэлхийн өдрөөр гэрчилгээгээ гардан авлаа. Хөтөлбөрт оролцогчдын бүтээл асуудал хөндөж, хөндсөн асуудлын мөрөөр төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлсөн бахдам амжилттайгаар оролцогчид хөтөлбөрөө дүүргэж байна.

Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубХэвлэлийн Хүрээлэн#earth

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version