Залуу бүсгүй үрсийнхээ хамт өнчирч үлдсэнд хэн буруутай вэ…
…Сүүмэн сүүмэн анивалах зулын гэрэлд эгэл даруухан инээмсэглэх залуу хүний ухаалаг харц тодоос тод харагдана. “Хайран сайхан залуу. Хүүхдүүд нь жаахан юм байна шүү дээ” гэж өөрийн эрхгүй сэтгэл өвдөн харамсан халаглах тэр л мөчид бяцхан үрсийн уйлах дуун аавыгаа нэхэн дуудах мэт. Өлгийтэй нялх үрээ эрүүл саруул болгох гэж эмнэлгээр явж байсан бүсгүй нулимсаа арчих ухаангүй шахам хүүхдүүдээ харан гуниглан суухыг харахад өөрийн эрхгүй зүрх базлана…
Энэ бол амьдралын сайхныг мэдэрч, хөөрхөн хүүхдүүдийн ээж аав болоод, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваад 28-хан насандаа автын ослоор амиа алдсан Булган аймгийн Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын ард үлдсэн гэр бүлийнхэний дүр зураг. Хэдхэн хоногийн өмнө энэ гэр бүл элэг бүтэн, инээд хөөр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна…
Ингээд уншигч таньд амиа алдсан цагдаагийн алба хаагчийн хэргийн мөрөөр хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Энэ сарын 17-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумыг зорьсон бөгөөд энэхүү сурвалжлагаар түүний хэн болохыг тодруулж, үлдэж буй ар гэрийнхэнд сэтгэлийн дэм хайрлахыг хүссэн билээ. Ар гэрийнхэний хүсэлтээр буяны ажлаас хойш буюу энэ өдөр олон нийтэд ийнхүү мэдээлж байна.
“Алба хаагчийн тухай бичлэгээ сайтаасаа устгажээ”
Эргэн сануулахад, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр http://mandtugai.mn/category/life/ цахим сайтад “ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТЭЭР АРД ИРГЭДЭЭ ДАРАМТАЛСААР БАЙХ УУ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ӨӨ” нэртэй бичлэг гарч, улмаар цахим орчин цагдаагийн алба хаагчыг буруутгасан сэтгэгдэл, мэдээлэл олны анхаарлын төвд орсон юм. Уг мэдээллээс хойш 10 гаруйхан хоногийн дараа тэрээр 5 настай, 3 настай, 45 хоногтой нялх үрс, халамжит ханиа орхин авто замын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
http://mandtugai.mn цахим сайтынхан Ард түмний хяналт 1900-1210 төвд хандсан “Эрдэнэт импекс” ХХК-ий захирал, Эрдэнэт хотын “Хүлэг” захын босс Н.Эрдэнэсайханы гомдлын дагуу уг мэдээллийг бэлтгэсэн гэдэг. Тэрбээр “Тариалангийн талбайг минь манаж байсан Д.Доржийг адууны хулгайд сэрдэн авч явсан, аваачаад мэдүүлэг авахгүй байна” гэсэн бичлэг “1900-1210 ТӨВД ГОМДОЛ ГАРГАСАН Н.ЭРДЭНЭСАЙХАНЫ ЯРИА” нэрээр тус сайтад байх аж. Харин гэм буруутай хэмээн буруутгагдаад байсан талийгаач Мөнхтулгын бичлэгийг тус сайтаас устгасан байгаа нь хачирхалтай…
10 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагт бидний хэдэн сэтгүүлч нөхөд Булган аймгийн Гурванбулаг сумын зүг хөдөлж, 11 цагийн үед зорьсон газраа очсон юм. Хамгийн түрүүнд сумын Цагдаагийн хэсгийн барилгын гадна очиход түр хугацаагаар Булган аймгийн Автозамын цагдаа болон зэргэлдээх суурингийн Цагдаагийн алба хаагчид сумын цагдаагийн үүргийг гүйцэтгэх явцад ээлж соллцох үе нь таарлаа.
Хэрэг зоригоо хэлж, мэдээ мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийлэхэд тэд татгалзсан хариу өгсөн бөгөөд талийгаачийн хэргээс үүдэн тайлбар өгөхийг хүсэхгүй байгаа гэлээ. Иймд сум орон нутгийн иргэд болон төрийн албаны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан юм.
“Асуугдаж байгаа хүүхдүүддээ зориулж, хашаандаа волейболын сетик хийж явсан хүн шүү дээ”
Хөршүүд нь зураг болон овог нэрээ ил гаргахыг хүсээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд хэлэхдээ “Ийш тийш явах болвол эхнэр хүүхдээ орхиод явахдаа манай хэдийг харж байгаарай гэдэг. Би хотод байгаад наашаа ирэх шөнө тэр явдал болж талийгаач зам тээврийн осолд орсон байна лээ. Уг нь “Манай эхнэр хүүхэд хот явж эмчлүүлэх гэж байна. Таниар хоол унд, өмсөх хувцас дөхүүлүүлнэ шүү гэж ярьсан юм” гэтэл тэр орой нь амиа алдчихлаа.
Сумын хэмжээнд талийгаачийг амиа хорлосон, өндөр уулнаас үсрээд үхчихсэн гээд цуураад байна. Тэр болгоныг тайлбарлаад байж амжихгүй юм. Дэлгүүрээр ороод гарахад л манай сумын хэсгийн төлөөлөгч амиа хорлочихсон гэнэ ээ гээд байна. Хамгийн гол нь өнөөдөр ард үлдэж байгаа эхнэр нь энд байгаагүйдээ л болж байна.
Хань нь амиа алдчихаад байхад ард нь үлдэж байгаа хүнд хэцүүхэн сонсогдож, зовооно шүү дээ. Ямар гадаа гараад манай нөхөр тэгээгүй гээд хашгиралтай нь биш. Хүмүүс сайнаар ч ярина, саараар ч ярина. Хүмүүс буяны ажил гээд орж гарахдаа л элдэв юм асуух юм. Мэдээлэл үнэн зөв байх нь л чухал байна. Хамгийн гол нь талийгаачийн нэр төрийг цэвэр авч үлдэж байж үр хүүхдүүдэд нь тус болно.
Бат-Ялалт гэдэг хүн талийгаачийг нас барсанаас хойш “Энэ хэргийг ингээд орхиё” гээд тайлбар хийчихсэн л байна лээ. Өөрөө цагдаагийн алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь буруу зөвийг ялгалгүй, олон нийтэд мэдээлчихээд одоо тэгж болохгүй. Тэр Дорж гэдэг хүнийг авчраад зодож, нүдсэн юм байхгүй. Суманд авчираад орох орон, байрлах айлыг нь олж өгчихөөд л явсан байсан.
Цагдаагийн алба хаагчид байцааж шалгахаар авчирсан хүнээ хооллож ундалдаг газартай байхгүй яасан юм. Гэтэл талийгаачийнд асуугдаж байсан хүмүүс амьдрах нь холгүй л байдаг байсан. Одоо цагт зээлгүй айл гэж байхгүй. Ганц хүний цалингаар амьдардаг. Цалингаа буухаар хоол, хүнсээ бэлтгээд асуугдаж байгаа хүмүүсээ хооллоод л явж байсан.
Өмнөх цагдаа нараас хэзээ ч талийгаач шиг харилцаа, хандлага харагдаж байгаагүй. Хашаандаа волейболын сетик хийсэн байгаа. Манай хүүхдүүд уйдаад байна гээд л асуугдаж байгаа хүүхдүүдэд зориулж хийж байлаа. Тогоо шиг гэдэстэй эхнэр нь тэдэнд хоол унд гээд л явдаг байсан. “Танайх өөрсдөө идэж уухгүй, авсан ганц хонио хэд хоног иднэ гэж ингээд байдаг юм бэ дээ” гэж хэлж л байсан.
Хүнээс гажууд юмыг талийгчаас харж байгаагүй. Талийгч “Би олон хүнтэй найзлаад байдаггүй цомхон байхдаа л амар санагддаг. Танилын хүрээ их байх тусам ажил хийхэд хэцүү болно, гуйлга ихсэнэ” гэдэг байсан. Манай дүүтэй нас ойролцоо. Дүү маань Баянхонгорт байгаа. Дүүгээс минь ялгаа юу байхав, нялх нойтон хүүхдүүдтэй гээд чадлаараа л тусалж дэмждэг байсан. Бага хүүхэд гэхэд хувийн зан чанарын хувьд өөлөх юмгүй л хүн байсан. 1990 оны л хүүхэд болов уу:
Дуулж хуурдах авъяастай сумын захиргааныхан Бүрэгхангай руу тэмцээнд хүртэл дагуулж явж байсан. Захиргааныхантай тэмцээнд явахдаа эхнэр хүүхдээ манайд үлдээгээд яваад ирсэн. Би аймгийн төв рүү ажилтай явж байгаад эргэж ирэхэд “Дүү нь фейсбүүкээр од болжийно оо” гэж хэлэхэд “миний дүү эрхий хуруу цуглуулж байна уу” гээд тоглоод өнгөрсөн. Гэтэл тэр Бат-Ялалтын хийсэн бичлэгийг үзсэн хүн болгон шейрлээд “цагдаа ингэлээ” гээд бөөн юм болсон байна лээ. Хамгийн сүүлд ингэж л уулзсан.
Эднийх нярай хүүхэдтэй байсан учраас Дорж гэгчийг гэртээ байлгах боломжгүй байсан. Тэрнээс шалгагдаж байгаа хүнээ гэр зуураа байлгах үе зөндөө л байсан. Гэрийнх нь төмөр хаалга их чимээтэй хүмүүс тогшиход л нялх нь цочино. Тэгээд нярайтай юм чинь миний дүү “Хаалга зөөлөн тогшино уу гээд биччихэж болно шүү дээ” гэж зөвлөж байлаа. Энд ирээд гурван сар гаруй болоход нь өөрийн гэсэн гэр орон, байртай болохгүй бол ингэж явуулын байх хэцүү юм даа, энэ цагдаагийн ажил гэж л бодож явсан даа, хөөрхий.
А.Эрдэнэбулган: Ажилдаа шударга, хүмүүстэй эерэг зөв харьцдаг залуу байсан
Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Талийгаач Э.Мөнхтулга танай суманд ирж ажиллаад 3 сар гаруй болсон гэсэн. Хувь хүний зан байдал, хамтран ажиллах болон харьцахад ямар хүн байсан талаар ярьж өгөөч?
-Талийгаач Мөнхтулга 2018 оны 6 сарааас манай суманд томилогдож ирж ажилласан. Энэ хугацаанд хамтарч ажиллахад эвтэй найртай, ажилдаа шударга, хүмүүстэй эерэг зөв харьцдаг залуу байсан. Энэ сарын 14-ны өглөө аваарт ороод нас барлаа гэдгийг сонссон. Аймаг руу албаны ажилтай гээд л явсан юм.
–Бат-Ялалт гэдэг хүний бэлтгэн гаргасан нэвтрүүлгээс үүдэн талийгаач руу цахим орчинд сэтгэгдлээр дайралт ирсэн. Улмаар сэтгэл санааны гүн хямралд ороод ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осолд орсон гэх асуудал яригдаад байгаа. Таньтай Бат-Ялалт уулзсан байсан. Юу гэж уулзсан юм бол. Үнэхээр танай суманд цагдан хорих байр байдаггүй юм уу?
-Суманд Цагдан хорих байр гэж байхгүй. Бат-Ялалт гэдэг хүн 10 сарын 1 нд энд ирж надтай уулзсан. Хулгайн хэргээр шалгагдаж байгаа хүн нь өөрөө гомдол гаргасан. Гомдлын мөрөөр ирж байна гэж танилцуулсан. Өөрийгөө ТББ-ын тэргүүн гэж байсан.
-Саатуулах байргүйгээс шалгагдаж байгаа хүнээ заримдаа гэртээ байрлуулдаг гэж сумын иргэд хэлж байсан. Талийгаач мөн адил тэгдэг байсан уу?
-Хөдөөгийн ямар ч суманд цагдан хорих байр байдаггүй, нийтлэг байдаг л жишээ. Гэхдээ суманд ажиллах Цагдаагийн алба хаагчийн амьдрах орчин, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад Цагдаагийн байгууллага болон сум орон нутгаас анхаарч хамтарч ажилладаг.
Цагдаагийн байгууллагын зүгээс ажиллаж, амьдрах байраар хангасан. Харин бид ажиллах нөхцөл бололцоог нь хангаж ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан Орон нутгийн хөгжлийн сангаас автомашин авч өгсөн. Сумын төвийг камержуулах ажлыг хийсэн. Согтуурлын зэрэг тогтоох багаж, торгуулийн хуудас хэвлэдэг машин зэргээр хангаж өгсөн.
-Гурванбулаг сумын хэмжээнд ер нь ямар төрлийн гэмт хэрэг зонхилон гардаг вэ?
-Ихэвчлэн малын хулгайн хэрэг л их гардаг даа.
Ч.Бат-Очир: Бат-Ялалт гэдэг хүний өөртөө нэр төр олох гэсэн аминч үзлээс бүх юм боллоо
Сумын соёлын төвийн эрхлэгч Ч.Бат-Очир хэлэхдээ “Хэсгийн төлөөлөгч асан Э.Мөнхтулга гэдэг залууг соёл урлагийн үйл ажиллагаанд оролцуулахаар хамтарч ажиллаж байлаа. Энэ 10 сарын эхээр Булган аймгийн урд талын сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын урлаг спортын наадам Бүрэгхангай суманд болж, бид оролцох болсон юм.
“Ахаа би “Яг түүн шиг” нэртэй тэмцээнд нь оролцох гэж байгаа” гээд бид хоёр нийлж бэлдсэн. Би ая фонаграмыг, өөрөө хувцас хунар, дуугаа бэлдээд Бүрэгхангайд очиж, тэр төрлөөрөө сумдуудаасаа тэргүүлж, алтан медаль авсан. Нилээн баяр хөөртэй эргэн ирэх яг тэр үеэр нь Орхон аймгаас шалгахаар авчирсан Дорж гэдэг нөхрийн тухай бичлэг гарч эхэлж байсан.
Тэр мэдээллийн доор би “Цагдаагийн ажилтныг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл явцад нь шууд ингэж хөндлөнгөөс нь оролцож болдог юм уу. Тийм эрх байхгүй шүү” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл намайг “Цагдаа өмөөрсөн” энэ тэр гээд элдвээр л хэлсэн. Үнэндээ цагдаа ч бас хүн. Болохгүй бүтэхгүй юм бүхний араас л явж байдаг.
Үнэхээр харамсалтай байна. Хайран сайхан залуу. Эцсийн эцэст хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй байх хэрэгтэй. Бат-Ялалт гэдэг хүнийг мэднэ. Янз бүрийн байдлаар олон нийтийн өмнө гарч ирээд “Иргэний эрхийн төлөө тэмцэж байна” гэдэг. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын байгууллагын тэргүүн, “Монгол хүний төлөө нам”-ын дарга ч гэж байсан.
Энэ хүн хэтэрхий улс төрийн үүднээс асуудалд хандаад Цагдаагийн жирийн алба хаагчийг буруутгаж, өөртөө нэр төр олох гэсэн аминч үзлээс бүх юм боллоо. Түүний гаргасан мэдээллээс болж, янз бүрээр хэлүүлсэн талийгаачийн дотоод сэтгэл ямар хэцүү байсан бол. Өөрийн үүрэгт ажлаа хийх гээд чин шударгаар ажиллаж явсан залуугийн шалгаж байгаа хэрэг нь хууль хяналтаар эцэслэн шийдэгдээгүй байхад олон нийтэд буруу ташаа, сүржин мэдээлж, улс орон даяар тараахад ямар байсан бол.
Гэр бүлийн хүрээнд ямар хэцүү уур амьсгал үүссэн бол. Шинэ хүн нь эмнэлэгээр яваад, нярайн шарлалт нь хүндрээд асуудал ихтэй байх үед ийм яриа хөөрөө гарсанаас л осол боллоо гэж харж байна. Харамсалтай, харамсмаар санагдаад байна. Спорт, урлагийн авъяастай их сайн залуу байсан. Ерөнхий төлөв байдал нь их даруу, нухацтай буурьтай суурьтай л хүн байсан. Хайран сайхан залуу.
н.Баяртсайхан: Дорж өөрөө манай адууг “Эрдэнэсайхан, Зам нарын адуу” гэж хэлсэн тул талийгч шалгахаар авч ирсэн
Сумын холбогдох албаныхантай уулзаж ярилцсаны дараа Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоход Гурванбулаг сумруу Цагдаагийн Дотоод хяналтын хэлтэс болон аймгийн Цагдаагийн газраас хүмүүс очиж яваа гэсэн тул бид хүлээлээ. Оройн 21 цаг орчимд хүлээсэн хүмүүс ирж, Цагдаагийн хэсэгт очиход Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул иргэн алдагдсан малын эзэн н.Баяртсайхан хамтдаа ирсэн байв.
Тэрбээр /зургаа авахуулахаас татгалзсан болно/ хэлэхдээ “Наймдугаар сарын 30-ны өдөр нэг азарга адуугаа аргамжаатай морьтой нь гэрийнхээ гаднаас алдсан. Алдсан адууныхаа сураг ажиг гарган эрсээр яваад Эрдэнэтийн наахна Орхоны нуга гэдэг газраас олсон.
Манай хүү очиж адуугаа авсан. 17 адууг тариан талбайн сахиул өвгөн хариулж явсан. Өвгөн анх хэлэхдээ “Энэ адуу хэнийх вэ” гэж хүүг маань асуухад “Манай Эрдэнэсайхан, Зам нарын адуу” гэж хэлсэн. Тэгээд хүү маань “Алдсан адуугаа оллоо. Гэхдээ 4 адуу дутуу байна” гэж мэдэгдсэн. Орой нь хүү маань юм хэлэлгүй адуугаа тууж яваад бирваазаар Орхон гол гаталж, 22-ны өдөр гэртээ ирсэн.
Тэгээд би талийгаачид 24-ны өдөр энэ талаар мэдүүлсэн. Тэгсэн талийгаач “За ах минь, адуу олдсон тэр газарт очиж үзнэ ээ. Ямар хүн байсан бэ” гээд хүү бид гурав тэр Дорж гэдэг хүн дээр очсон. Эхлээд тэр Дорж гэдэг хүн нь өөрөө манай адууг “Эрдэнэсайхан, Зам нарын адуу” гэж хэлсэн тул талийгч тэр өвгөнийг шалгахаар авч ирсэн. Хэдэн өдрийн дараа талийгаач “Х.Бат-Ялалт гэдэг хүн ирсэн” гээд “Намайг ир” гэхэд нь би наашаа ирсэн ч хожимдож, зөрөөд явсан байсан.
Би Эрдэнэсайхан, Зам гэдэг хүмүүсийг танихгүй. Үлдсэн дөрвөн адуугаа одоо ч олоогүй л байна. Надаас талийгч адуугаа яаж алдсан бэ, хаанаас олсон бэ гэх мэтээр эхлээд тайлбар авсан. Тэгээд л “Үлдсэн адууг дүү нь олж өгнө өө” гэж хэлж байсан даа.
Д.Гантөмөр: Э.Мөнхтулга үр хүүхэд, хань ижлээ орхиод амиа хорлохгүй гэдэгт удирдаж байсан даргын хувьд итгэж байна
Булган аймгийн Цагдаагийн дэд дарга Д.Гантөмөртэй ярилцлаа.
-Хэсгийн төлөөлөгч асан Э.Мөнхтулгын нас барсан асуудлыг тодруулж өгөөч?
-Булган аймгийн Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Эрдэнэбаатар овогтой Мөнхтулга нь 2018 оны 10-р сарын 13-ны орой албаны машинтай албан үүргээ гүйцэтгэж явж байгаад зам тээврийн осолд орж амь нас нь хохирсон. Энэ асуудлыг хуулийн хүрээнд Аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа.
-Ослын шалтгаан нөхцлийн урьдчилсан дүгнэлт гарсан уу?
-Дүгнэлт одоогоор гараагүй.
-Өөр авто машинтай мөргөлдсөн үү?
-Өөр автомашинтай мөргөлдөөгүй. Бусдад эрүүл мэнд болон эд материал, машин техник хэрэгслийн хохирол учруулсан асуудал байхгүй. Осол болох үед ганцаараа явсан.
-Талийгааачийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь гадны хүн бичлэг хийж цахим орчинд цацснаас болж олон нийтийн зүгээс дайралтад орж сэтгэл санааны хямралд орсон байсан. Ар гэрийнхэн нь Х.Бат-Ялалт үхэлтэй шууд холбоотой гэдгийг хэлж байсан. Ажлаа хийж байгаад өөд болсон цагдаагийн үхэлд Х.Бат-Ялалтын нөлөө орсон байж болох уу?
-Байж болох магадлалтай. Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулга Булган аймгийн Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 06-р сарын 08-нд ЦЕГ-ын даргын Б/391 тоот тушаалаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2015-2016 онд үйлдэгдэн илрээгүй, хохирол ихтэй орон байрны хулгайн хэргүүдийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн. Хэсгийн төлөөлөгч нар дундаа ажлаараа тэргүүлж байсан алба хаагч.
Иргэн эхэлж гомдол гаргасны дагуу, хэргийг шалгаж Дорж гэж хүнийг дуудаад шаардлагатай ажиллагаануудыг хийх явцад цахим орчинд уг мэдээллийг тавьсан байсан. Түүнээс хойш өөртэй нь уулзахад “Би яах ёстой вэ? Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн байдал тогтовортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дуугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг.
Сүүлдээ утсаа авч чадахгүй эхнэртээ “Чи утсыг минь түр барьж байгаач, ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна” гэдгээ хэлсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд хүнд байсан гэж бид харж байгаа. Эхнэртэй нь уулзахад “Сүүлийн үед унтаж чадахгүй, босоод суучихдаг болсон. Яах уу гэж асуухаар хэцүү байна” гэдгийг хэлсэн байдаг. Цахим орчинд сөрөг хандлага өөр рүү их ирсэн болохоор хүнд туссан гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа.
Осол болохоос өмнө цагдаагийн байгууллагын 3-р улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулсан. Хуульзүйн сайдын нэрэмжит Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнийг зохион байгуулж, талийгаач амжилттай оролцсон. Ажилдаа хандах хандлага сайн, эмх цэгцтэй, идэвхи санаачлагатай, зүтгэлтэй илрээгүй хэргүүдийг илрүүлдэг, ур чадвартай залуу боловсон хүчнээ алдсанд Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд, нийт албан хаагчид харамсаж байгаа. Бид шагналд тодорхойлох саналтай байсан.
-Цахим орчин дахь хүнлэг бус, хэт буруутгасан хандлагаас болж хүний амь эрсдлээ гэж хараад байна?
-Гэм буруугийн зарчим байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн зарчим байгаа. Үүн дээр л гэм буруугийн зарчим ярьж байгаа. Гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад цахим орчинд гэм буруутай, хууль тогтоомж зөрчсөн, иргэнийг хэлмэгдүүлсэн гэх асуудлыг шууд тавьсан нь цагдаагийн алба хаагчид сэтгэл зүйн хүнд дарамт болсон. Энэ асуудлаар Х.Бат-Ялалт үнэн мөнийг олохыг зорьсон бол Цагдаагийн байгууллагын удирдлага болон Цагдаагийн байгуулагын гомдол санал мэдүүлэх 126 утсанд хандаж болох байсан. Санал, гомдол мэдээлэл бүрийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас олон жилийн туршлагатай алба хаагчид шалгадаг.
Гэтэл Албаны хүнд хандаагүй нэвтрүүлэг хийсэн. Тухайн үед байгууллага дотор орж ирээд шууд бичлэг хийгээд, холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломжтой байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн. Үүнийг л цахим орчинд тараасан нь ийм асуудалд хүрлээ.
-Энэ хэрэгт сэжигтэн, яллагдагч, гэрчээр хүн шалгаж байгаа юу?
-Хэрэгт холбогдуулж гэрчээр хэд хэдэн хүнийг асууж байгаа. Тухайлбал, хэргийг анх харсан хүн, дуудлага мэдээлэл өгсөн хүн гээд цөөнгүй гэрч байгаа. Гэрчүүдийг асууж байгаа ч ямар нэг байдлаар осол аваар гарахад нөлөөлсөн гэдгээр тухайлсан шалгаж байгаа хүн байхгүй.
-Х.Бат-Ялалтад цагдаагийнс алба хаагчийн өрөөнд орж ирээд шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авах эрх бий юу?
-Тийм эрх байхгүй.
-Х.Бат-Ялалтын яг энэ үйлдэлд нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам саяхан шинэчлэгдсэн. Энэ журмаар өдөр тутмын үйл ажиллагааг зааж өгсөн байгаа. Талийгаачийн ажил явдлын дараагаар Цагдаагийн газрын зүгээс Х.Бат-Ялалт гэдэг хүнтэй холбоотой асуудлыг судлах болно. Талийгаачийн нас барсан асуудал шалгагдаад явж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь юу байгаагаас хамаарна. Албаны шалгалтын дүн зэргээс хамаарч хуулийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болох бөгөөд одоогоор энэ талаар ярихад эрт байна.
-Талийгаачийн ар гэрт туслах ажил зохион байгуулж байгаа талаар?
-Алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусамж үзүүлж байгаа. Цагдаагийн алба хаагчид сайн дурын үндсэн дээр хандив цуглуулсан. Талийгаачийг Улаанбаатар хотод баасан гаригт /2018-10-19/ хөдөөлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор даваа гаригт /2018-10-15/ Цагдаагийн газарт хууль журмын дагуу ёслол хүндэтгэлтэй салах ёс гүйцэтгэсэн. Ар гэрт нь туслах зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Шарилыг зөөхөд хүн хүч, техникээр тусалсан. Мөн Улаанбаатарт хотод тасгийн дарга ажил явдалд нь тодорхой туслалцаа үзүүлэн оролцож байгаа.
Ийнхүү бид холбогдох мэдээллүүдийг эх сурвалжуудаас авахад бүгд л “Талийгаачийн араас сайныг хэлдэг монгол ёсыг дагасангүй. Үнэхээр сайн талыг нь хэлэхгүй байхын аргагүй хүн байсан” хэмээн онцолж байсан юм.
“Х.Бат-Ялалт “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг зөрчсөн үү”
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтын тухайд Булган аймгийн Гурванбулаг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч асан Э.Мөнхтулгын ажлын өрөөнд нэвтрэн орж, бичлэг хийж авсан нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй ажээ. Үүнд:
21.8 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх
1.Хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах
1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
хэмээн заасан байна. Үүнийг хууль хяналтын байгууллагын зүгээс шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоох нь дамжиггүй.
Гэвч Малын хулгайн хэргийн мөрөөр шалгалт хийж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н.Бат-Ялалтын эхлүүлсэн”Иргэдийн гомдлын мөрөөр” хийсэн гэх сурвалжлагаас үүдэн Цагдаагийн алба хаагч залуу орчлонгоос буцаж, дахиан нэгэн залуу бүсгүй үрсээ тэврээд бэлэвсэрч үлдлээ. Магадгүй зальт этгээдийн мэхэнд ороогдсон байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь анх мэдээлэл өгсөн гэх “Эрдэнэт импекс” ХХК-ий захирал, Эрдэнэт хотын “Хүлэг” захын босс Нямдаваагийн Эрдэнэсайхан нь Булган аймгийн Орхон сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач цолтой нэгэн ажээ. Мэдээж энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг Хууль хяналтын байгууллагааас шалгах бизээ.
“Э.Мөнхтулгын нэг сар 15 хоногтой бага хүүгийн биеийн байдал маш хүнд байна”
Харин өнөөдөр “Харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, талийгаач цагдаагийн ахмад Э.Мөнхтулгын нэг сар 15 хоногтой бага хүүгийн биеийн байдал маш хүнд өнгөрөгч пүрэв гаригт ЭНЭШҮТ төвд хэвтэж эмчлүүлж байна. Хүүгийн онош шарлалт нь хүндэрч элгэндээ нөлөөлсөн, цөс ялгарахгүй цагаанаар бааж байгаа. 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, одоогоор хэд хоног эмчилгээ хийлгээд дээрдэхгүй бол хагалгаа хийх шаардлагатай. Ээж нь шокийн байдлаасаа гүйцэт гараагүй, Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группын гишүүд сайн дураараа нэгдэж, өөрсдийн хэмжээнд хандив цуглуулж эхний ээлжинд 500000 төгрөг, хүүхдийн памперс, салфетка, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөн, өдөр бүр хуваарь гарган хоол цай дөхүүлж эргэж тойрч сэтгэл санааны дэм өгч байна.
Хүн ардынхаа энх тунх, амар тайван амьдралын төлөө чин үнэнчээр ажиллах тангараг өргөсөн талийгаач нь Цагдаагийн академи төгсөөд хөдөө томилогдож ажиллаж байхдаа гэр бүл зохиож, хөдөөгөөр нүүж амьдарч байсан учир өөрсдийн гэсэн тогтсон орох оронгүй байсан гэдэг. Ханиа дагаж аймаг сумаар нүүж амьдарч тэр ч байтугай хөдөө багт хүүхдээ төрүүлж байсан мундаг тэсвэр , хатуужилтай амьдралын төлөө гэсэн залуухан ээж, 0-5 насны гурван өнчин хүүхдээ тэврээд үлдлээ.
Энэ байр байдлыг нь ЦЕГ, Хууль зүйн яам гэх мэт нөлөө бүхий хүмүүст хүргэж өгөхийг олон олон цагдаагийн гэр бүлээс хүсч буйгаа илэрхийлж байна” хэмээн Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группын гишүүд цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Олны хүч оломгүй”. Бяцхан хүүгийн эрүүл мэндэд санаа тавих эмч, эмнэлгийн ажилчид, сайхан сэтгэлтэй хүмүүсийн итгэлийн хүчээр эрүүл энх болж, ээж, ах эгчтэйгээ өсөж торнино гэдэгт итгэж, залбирч сууна.
Нөгөө талаар монголчууд та бид хэн нэгний гаргасан бичлэгийг харж, тухайн үед яг юу болсныг бүрэн гүйцэт мэдээгүй байж гэм буруутай хэмээн хандах нь хэтэрхий хүнлэг бус хандлага байлтай. Цагдаа гэхээр хүн биш юм шиг ханддаг атлаа, асуудал үүсэхэд хамгийн түрүүнд тэднийг л дууддаг. Цагдаа ч гэсэн хүн. Тэдний ард цаг наргүй ажлын өдрөө осол гэмтлээс хол байж, ажил үйлс нь бүтэмжтэй сайн байгаасай гэж хүсэж залбирдаг ээж аав, хань ижил, гэртээ ирэхийг хүлээсээр тэсэлгүй унтаад өгдөг нялх бяцхан үрс нь бий.
Таны бичсэн сэтгэгдэл, харилцаа хандлага хэн нэгний энэ амьдралыг сайн сайханд хөтөлж чадна. Басхүү хэн нэгний амьдралын сүүлийн мөч дэх хамгийн хатуу үг байхыг ч үгүйсгэхгүй. Үгээ мэдэж, үйлдэлээ цэнэж эс чадваас нэг л өдөр та бидэнд ч тэр үнэнийг худал болгохоор зорьсон хэн нэгний бичсэн бичлэг, мэдээ мэдээлэл амьдралыг тань орвонгоор нь эргүүлэх шалтгаан болох вий. Дээхнэ үед “Хана чихтэй” гэдэг байсан бол өнөө цагт “Хүн утастай”болсон. Утас нь ухаалаг. Ухаалаг утсанд итгэж, ухаангүй үйлдлүүд ихэссэн нь нууц биш.
Энэ амьдралд хүн хүнээ гэсэн сэтгэл, итгэл урам зориг үгүй бол хичнээн гунигтай. Хэн нэгнийг сэжиглэж, үл итгэж буруутгахад дэндүү хайран цаг хугацаа биднийг орхин одсоор л. Амьдралын үнэ цэнэ бол хайр. Хайраа түгээцгээе. Талийгаачийн төлөө, ард үлдсэн гэр бүлнийх нь төлөө хайраа бусдад түгээе.
Бид нэг л амьдарна …
П.Нарандэлгэр
[…] цааш үзэх […]
`hairan saian ger bul haramsaltai bn batylalt buruutai gemteng omoorch gemgui huni erhend haldje haramsad barshgui
Vneheer haramsaltai bn ij hiij bvteeh shn nasan deeree ingeed vr hvvhed hani ijlee orhiod yvah gjde ter buruutai etgeediig zohih shiitgeliig ogoh heregtei. Aabiigaa aldsan vrs bvltegneedl haraad bj… Цааш унших
[…] http://newswall.mn/?p=10650 […]